Монголын баг оюутны Азийн аварга боллоо

2017 оны 4 сарын 16

Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг алтан медаль авлаа. Манай оюутны шигшээ баг шийдвэрлэх тоглолтод БНХАУ-ын багийг 17:14-өөр хожлоо. Хагас шигшээд Тайландын багийг хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан сагсчид өнөөдөр БНХАУ-ын багийн эсрэг тоглож, ялалт байгуулснаар Азийн аварга цолыг анх удаа хүртэж байна. Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчаар С.Тулга ажилласан бол багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо(ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар нар багтсан юм.

3х3 төрлийн 2017 оны Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд 11 баг оролцсон бөгөөд Монголын баг ирэх есдүгээр сард Дэлхийн оюутны АШТ-д Ази тивийг төлөөлөн оролцох эрхийг авлаа.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон баг тамирчдыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, “Blue Dragon” ХХК-ий захирал Батжаргал, У.Содхүү дэмжин ажилласанд нийт сагсан бөмбөгчдийнхөө нэрийн өмнөөс талархаж байгааг уламжилж байна.

Сануулахад, Монголын оюутны шигшээ баг хоёр жилийн өмнө тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд тухайн үед БНХАУ-ын багт хожигдож байжээ.  

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна