АН-ын горьдлого, МАН-ын стратеги

2017 оны 4 сарын 17

Сэтгүүлч:
Ж.Нямсүрэн

Пүрэв гаригт УИХ-аас хоёр ч хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 40 мянган хүн, тэдний ах дүү хамаатан садангууд оффшор бүсээс цаг, үзэг ч худалдан авах эрхгүй боллоо. Гэхдээ удаахан уулзаад, удам судраа хөөгөөд яривал бүгд хамаатан садан шахуу болчихдог монголчуудын хувьд хэрэгжүүлэхэд тун ч хэцүү, улстөржүүлэхэд тун ч амархан нэг хуультай боллоо гэхэд буруудахгүй биз.

Хууль батлагдсан хэдий ч бямба гаригт оффшортой тэмцэгчид Сүхбаатарын талбайд жагсч, улмаар улс төрийн зорилготой суулт хийв. Угаасаа ч оффшор муухай, оффшорчид бүр муухай гэсэн ойлголт олон нийтэд өгөх зорилготой улс төрийн жагсаал эсэргүүцэл Ерөнхийлөгчийн сонгуулийг чиглэснээс гадна дараа нь Монголын улс төрд өрнөх үйл явдлын өмнөтгөл гэдэг нь ч тодорхой. Тэгээд ч "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ий энэхүү акцын ард улс төрийн том зорилго нуугдаж буй нь тэнэг хүнд ч ойлгомжтой байгаа билээ.

АН-аас хэн нэр дэвшихийг Их хурал биш С.Эрдэнэ шийдэх үү?

2016 оны сонгуулиудад дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан нам хэнийг нэр дэвшүүлэхээс Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эсэх нь шийдэгдэнэ. Ялангуяа “Сант Марал”-ын судалгааны дүнгээр рейтинг нь өрсөлдөгчөөсөө бага, 10.2 хувьтай яваа Ардчилсан намд хувь улстөрчийн нэр хүнд их чухал. Одоогоор Ардчилсан намын дотоод сунгаанд оролцохоор Д.Дорлигжав, Б.Баабар, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Л.Болд, З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал нарын нэр дуулдаж буй бөгөөд тэднээс хэнийг нь Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээ VIII Их хурлаараа шийдэхээр болсон. Энэ тохиолдолд Их хурлын төлөөлөгчдийн саналаас илүү С.Эрдэнийн сценариар нэр дэвшигчийг тодруулна гэж мөрийцсөн ч болно.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэгтээ ихээхэн найдвар тавьж байгаа шалтаг нь УИХ-аас саяхан баталсан долоон төрлийн татварын нэмэгдэл. Эрх баригчдын бодлогын эсрэг цөөнх төдийлөн эсэргүүцэл үзүүлээгүй нь үүнтэй ч холбоотой биз. Өөрөөр хэлбэл, МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, амлалтаасаа буцсан нь Ардчилсан нам ялалт байгуулах боломж гэж тэд харж байна.

Чухам иймээс л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүмүүсийн тоо Ардчилсан намд нэмэгдсээр байгаа юм.

Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 5-7-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна гэвэл Ардчилсан намд Их хурлаа тойрсон хов, хор нэлээд сайн явагдах болов уу. Үүний нэг нь “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”. Ард нь МоАХ байгаа гэсэн баталгаа байхгүй ч, байхгүй гэхэд бас эргэлзээтэй. Дээр нь Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан оролцоод ирэхээр энэхүү жагсаалын ард Ардчилсан нам, тэр тусмаа МоАХ байна гэсэн хардлага гарахад хүргэж буй. Рейтинг багатайн дээр эрч хүч, энергиэ дотоодынхоо өрсөлдөөндөө зарцуулах болсон  Ардчилсан нам дахиад “Их санасан газар есөн шөнө” хоосон хоноход хүрч магадгүй байна. Учир нь шинэчлэл нэрээр хоёр удаа хийсэн дотоод сонгууль нь тус намын рейтингийг аврах нь бүү харин ч гай болж байгаа билээ..

Зөвлөлдөх санал асуулгаас МАН-ын нэр дэвшигч хамаарна

Энэ сарын 29-30-ны хооронд зургаан сэдвийн хүрээнд явагдах Зөвлөлдөх санал асуулгаас МАН-ын улс төр хамаарна. Хэрэвзээ зөвлөлдөх санал асуулгад оролцогч 1570 иргэн Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргавал шүү дээ.

Ингэвэл ирэх зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэгцээд Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар ард түмнээс санал авах бөгөөд энэ тохиолдолд М.Энхболдын стратеги өөрчлөгдөж магадгүй байгаа.

Зөвхөн М.Энхболдынх ч гэлтгүй Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээсэн МАН-ын улс төр бүхэлдээ өөрчлөгдөнө. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох долоо дахь удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвшинэ гэсэн яриа улс төрийн хүрээнд өдлөөд удаж буй.

Хэдийгээр УИХ-ын дарга энэ талаар нэг ч үг хэлээгүй ч, МАН-аас нэр дэвших хамгийн магадлал өндөртэй хүний нэгд тэрбээр тооцогдож байгаа билээ. Харин түүний оронд хэн УИХ-ын дарга болох вэ, хэн МАН-ыг удирдах вэ гэсэн тэмцэл эрх баригч намын дунд далдуур хүчтэй өрнөж байна

Оффшор данстай хүнийг Төрийн албанд ажлуулахгүй гэсэн спикерийн үг ард дахь улс төрдөө чиглүүлсэн, шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд ороход бэлэн байгаа Сү-гийн фракцийг дарж авах гэсэн давхар мэх байхыг ч үгүйсгэхгүй.

Зургаан сэдвийн хүрээнд өрнөх Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээрт, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох асуудал хөндөгдөж буй. Хэрэв үүнийг дэмжиж, ард түмэн хүлээн зөвшөөрвөл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч ердөө бэлгэ тэмдэг болно. Тиймээс М.Энхболд өөрөө хүчтэй Ерөнхий сайд болж, Ерөнхийлөгчид Ц.Нямдоржийгоо сойж, спикерээр Ө.Энхтүвшинг томилбол хонь бүрэн, чоно цатгалан хоцрох улс төрийн хоёр дахь төлөвлөгөөгөө боловсруулж суухыг үгүйсгэхгүй.  Ямар ч байсан Зөвлөлдөх санал асуулгын үр дүн МАН-ын болон Монголын том улс төрийн тоглоомын дүрмийг өөрчилж мэдэхээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна