УИХ-ын гишүүд спорт холбоодын саналыг сонсов

2017 оны 4 сарын 18

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна.

Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахалж байгаа бөгөөд өнөөдөр/2017.04.18/ Спортын төв ордонд зочилж, спортын холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцсон юм. Уулзалтын үеэр спортын холбоодын төлөөлөл Ажлын хэсгийн гишүүдэд хандан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүд Спортын төв ордны одоогийн нөхцөл байдал, биеийн тамирын танхим, тамирчдын хичээллэж буй орчинтой биечлэн явж танилцлаа.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг “1958 онд баригдсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна. Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэж болох талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно” гэлээ.

1958 онд ашиглалтад орсон тус ордонд жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг, өсвөрийн тамирчид хичээллэж байна. Гэхдээ тэдний хичээллэж буй бүх танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, хана, тааз нь нурж, хууларсан байдалтай байгааг албаныхан хэлж байв. Борооны улирал эхлэхээр ус гоожих, ашиглалтын шаардлага хангахгүй байгааг дурдаж, УИХ-ын гишүүдийг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүслээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна