Пак Кын Хэгийн амьдрал шоронд төгсөх үү?

2017 оны 4 сарын 19

Сэтгүүлч:
Б.Анхтуяа

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Кын Хэ арав олон жил нөхөрлөсөн дотны найзаасаа болж төрийн сэнтийгээ алдаж, шоронгийн хаалга татаад байна.

Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаа албан ёсоор эхэлсэнтэй зэрэгцэн Сөүл хотын төв дүүргийн прокуророос даваа гаригт Пак Кын Хэд албан ёсоор ял тулгалаа.

Прокуророос түүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн нууц задруулсан, бусдыг сүрдүүлэн мөнгө нэхсэн, авлига авсан гэх мэт 18 төрлийн зүйл ангиар буруутгажээ.

Энэ бүх хэрэгт Пак Кын Хэ багадаа 10 жил эсвэл бүх насаараа хоригдох ял сонсох магадлалтай. Прокуророос Пак Кын Хэг нийт 52 сая ам.долларын мөнгөн дүн бүхий авлигын хэрэгт буруутгаж байна. Тэрбээр Өмнөд Солонгосын цэргийн хоёр удирдагчдаас гадна шүүхийн хаалга татсан дуудагдсан анхны төрийн тэргүүн боллоо.

Пак Кын Хэ 2012 онд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм.

Өдгөө 65 настай Пак Кын Хэ 2012 оны сонгуульд сүр дуулиантайгаар ялалт байгуулж, Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм. Сонгуулийн дараа “Forbes” сэтгүүлээс 2013 болон 2014 онд Пак Кын Хэ дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын 11-д нэрлэж, Зүүн Азийн хамгийн хүчирхэг эмэгтэй хэмээн зарлаж байв.

Ерөнхийлөгчийн найз Чой Сун Шил авлигын хэргээр баривчлагдсан.

Гэвч түүний дотны найз Чой Сун Шил гэгч эмэгтэйн хууль бус үйлдэл ил болсноор Пак Кын Хэгийн нэр хүнд огцом унаж, хэдхэн сарын дотор шоронгийн хаалга татлаа. 60 настай Чой Сун Шил нь Өмнөд Солонгосын “Samsung” тэргүүтэй 18 бизнесийн байгууллагаас олон тэрбум ам.долларын авлигыг хандив нэрийн дор авч хувийн зорилгоор ашигласан хэрэгт мөрдөн шалгагдаж байна. Харин экс ерөнхийлөгч Пак Кын Хэг дотны найздаа авлига авахад тусалж, нуун дарагдуулсан хэрэгт холбогджээ.

Пак Кын Хэгээс зургаан удаа байцаалт авчээ.

Пак Кын Хэ болон Чой Сун Шил нарын дуулиант хэрэгт Өмнөд Солонгосын прокуророос долоон газарт нэгжлэг явуулж, банкны 30 дансыг шалгаж, 110 гаруй хүнийг мөрдөн шалгажээ. Түүнчлэн Пак Кын Хэгээс өнгөрсөн хугацаанд зургаан удаа байцаалт авсан байна. Өмнөд Солонгосын түүхэн дэх томоохон авлигын хэрэгт тусгай мөрдөн шалгах ажиллагааны 150 гишүүн, 31 прокурор оролцсон болохыг Сөүлийн төв дүүргийн прокрорын газраас мэдээлжээ.

Өмнөд Солонгост тавдугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болно.

Пак Кын Хэ өнгөрсөн сарын сүүлээр баривчлагдаж, шоронд хоригдох болсон юм. Түүний хэргийг хэлэлцэх шүүх хурал зураан сарын турш үргэлжилж ч магадгүй.

Харин Пак Кын Хэгийн оронд Хөх ордны суудалд суух хүнийг ирэх тавдугаар сарын 9-нд буюу “Ялалтын баяр”-ын өдөр болох ерөнхийлөгчийн сонгуулиар сонгоно. Хэрэв Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхээс Пак Кын Хэг огцруулах парламентын шийдвэрийг дэмжээгүй бол ерөнхийлөгчийн сонгууль ирэх арванхоёрдугаар сард болох товтой байсан юм.

Хэдийгээр Пак Кын Хэ шүүхээс бүх насаараа шоронд хорих ял сонссон ч Хөх ордны дараагийн ерөнхийлөгч түүнд өршөөл үзүүлэх бүрэн эрхтэй.

АНУ-аас Солонгосын хойг руу нисэх онгоц тээвэрлэгчээ илгээснийг Пхеньян эсэргүүцэж, баллистик пуужингаар сүрдүүлж байв.

Оюутны жагсаалаас эхтэй улс төрийн дуулиан Өмнөд Солонгосын эдийн засаг төдийгүй хойгийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Хойд хөрш Пхеньянаас баллистик пуужингаар сүрдүүлж, АНУ-тай сөргөлцөж байгаа бол “Samsung” тэргүүтэй том корпорациуд авлигын дуулианд холбогдсон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа аж. “Samsung” корпорацийн өв залгамжлагч, захирал хамгийн өндөр буюу 38 сая ам.долларын “хандив” өгсөн хэргээр баривчлагдан шалгагдаж байна.

Оюутнууд Чой Сун Шилийн охин Чой Юраг арын хаалгаар элссэнийг эсэргүүцэн жагссан юм.

Өмнөд Солонгосын сэтгүүлчид Инхва их сургуулийн нэгэн оюутан арын хаалгаар сургуульд элсэж сайн дүн авч байгааг эсэргүүцсэн жагсаалыг сурвалжлах явцдаа Чой Сун Шилийг илрүүлж, Пак Кын Хэтэй холбоо сүлбээтэй болохыг гаргаж ирсэн юм. Гэвч сэтгүүлчид богино хугацаанд “хэтэрхий сайн” ажиллаж, дээрх дуулианыг ил болгосон нь зохион байгуулалттай ажиллагаа гэх хардлагыг төрүүлсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна