Спортын төв ордныг анхааралдаа авахыг хүслээ

2017 оны 4 сарын 19

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Энэхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахалж байгаа бөгөөд тэрбээр өчигдөр /2017.04.18/ Спортын төв ордонд зочилж, спортын холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцсон юм. Уулзалтын үеэр спортын холбоодын төлөөлөл Ажлын хэсгийн гишүүдэд хандан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүд Спортын төв ордны одоогийн нөхцөл байдал, биеийн тамирын танхим, тамирчдын хичээллэж буй орчинтой биечлэн явж танилцлаа. Энэ үеэр чөлөөт бөхийн бэлтгэлийн танхимд засвар хийгээд ч нэмэргүй болсныг анхааруулав. Мөн холбоодууд өөрсдийн хөрөнгөөр засвар, үйлчилгээг хийсэн ч хэдэн сарын дараа цантахаас эхлээд засварын ажил сүйдэж байна гэв. Тиймээс ордонг буулгаж, яаралтай шинэ ордон барих ажлыг яаравчлах хэрэгтэй байгааг дуулгав.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ингэж хэллээ. “1958 онд баригдсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна. Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэж болох талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно. Ажлын хэсгээс спортын холбоодууд саналаа бичгээр дахин өгөх хэрэгтэй. Энэ ажлын хэсэгт УИХ-д сууж буй спортод элэгтэй олон гишүүдийг оролцуулах болно.” гэсэн юм.

Уулзалтын үеэр холбоодуудаас дараах саналуудыг гаргаж байв.

  • Олимпийн төрлүүдэд багтдаг спортын төрлүүдийг цаашид нарийвчлан анхаарах

  • Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг томилохдоо холбоодууд шийдэх эсэхийг анхаарах

  • Шинжлэх ухааны ач холбогдлыг сайтар нэвтрүүлэх

  • Өсвөр үеийн бие бялдрын хөгжлийг анхаарах

  • Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт спортын төрлүүдийг түлхүү оруулах

  • Орон нутгаас ирж буй тамирчдын ахуй байдалд анхаарах

  • Үндэсний шигшээ багт олон жил зүтгэсэн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн хангамжийг сайжруулах

  • Хөнгөнатлетикийн тамирчид бэлтгэл хийхэд хүндрэлтэй байна

  • Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй байдлаар ашиглах

  • Спортыг ивээн тэтгэгч байгууллага компаниудыг татвараас чөлөөлөхөд анхаарах

  • Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Спортын төв ордныг анхааралдаа авахыг гишүүдээс хүсэж байлаа.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлыг цаашид Ажлын хэсэгт бичгээр өгөх боломжтойг гишүүд хэлж байв.

1958 онд ашиглалтад орсон Спортын төв ордонд жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг, өсвөрийн тамирчид хичээллэдэг. Гэхдээ тэдний хичээллэж буй дээрх бүх танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, хана, тааз нь нурсан байдалтайг албаныханд хэлж, шинэ ордон барих асуудал дээр анхаарлаа хандуулахыг зөвлөж байв.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬ-ийг ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Жүдо бөхийн бэлтгэлийн танхим. 2017.04.18

Хүндийн өргөлтийн бэлтгэлийн зааланд өдөрт 200 орчим тамирчин бэлтгэл хийдэг байна. Тиймээс энэхүү зааланд өргөлтгөл хийхээс аргагүй болжээ.

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүндийн өргөлтийн тамирчид өндөр амжилт үзүүлж болохыг өнгөрсөн онуудын амжилтуудаас харж болно. Залуу тамирчин М.Анхцэцэгийн араас олон шилдэг тамирчин төрөн гарч байгааг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр хэлж байв. 2017.04.18

Боксын тамирчид бэлтгэлийн зааланд. Энэхүү заал хэдийнэ засварын ажлаа хүлээж байна.

Боксын шигшээ багийн ахлагч дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн УИХ-н гишүүн Б.Саранчимэг болон БТСГ-ын удирдлагуудтай уулзаж байна.

Чөлөөт бөхийн бэлтгэлийн зааланд бэлтгэл хийх боломжгүй болжээ. Заал дулаалгаа алдаж, эргэн тойрон цанатаж байгаа учраас тамирчид "Олимп" цогцолборт бэлтгэлээ хийж байна. 2017.04.18

Чөлөөт бөхийн бэлтгэлийн танхим жил бүр засвар хийсээр байна. 2017.04.18

Чөлөөт бөх, боксын бэлтгэлийн танхимын зааланд. 2017.04.18

Спортын төв ордны "А" заалыг БНХАУ-ын буцалтгүй тусламжлаар засварлаж байна. Өөрөөр хэлбэл тус засварын хөрөнгийг Сагсан бөмбөгийн холбоо болон Ширээний теннисний холбоо урд хөршийн талуудтай ярилцаж, олсон байна. 2017.04.18

Спортын төв ордны "А" зааланд ширээний теннисний олон улсын тэмцээн зохион байгуулагдахад бэлэн болжээ. 2017.04.18

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн спортын холбоодын төлөөлөлтэй уулзлаа. 2017.04.18

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт Н.Учрал багтжээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ажиллахаар болжээ. Тэрбээр бага насандаа жүдо бөхийн спортоор хичээллэж, бүсийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан байна.

Спортын холбоодын төлөөлөл өөрсдийн саналаа хэлж байв. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналыг Ажлын хэсэг бичгээр авахаар боллоо.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна