Ерөнхийлөгчөө ”огцруулсан” охин

“Эцэг эх чинь чадваргүй байгаад тэднийг буруутга. Тэдний чадахгүй байгаа зүйлсийн төлөө бидэн рүү чичлэх хэрэггүй. Мөнгө бол чадварын бас нэг хэлбэр” гэж тэр 2014 онд Фейсбүүктээ бичсэн нь сошиал медиа сүлжээнд олны дургүйцлийг хүргэсэн юм. 

Постны эзэн нь Чун Юү-ра. 20 настай. Өмнөд Солонгосын морин спортын шигшээ багийн тамирчин. Өдгөө Өмнөд Солонгос дахь хамгийн алдартай нэгэн болоод буй Чой Сун-шил гэгчийн ганц охин.

Түүний эцэг Чун Юүн Хой нь ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ойрын зөвлөхөөр олон жил ажилласан юм. 

Чун Юү-ра багийн гишүүдийн хамт 2014 онд Инчёнд болсон 17 дахь удаагийн Азийн наадмаас аваргын алтан медаль хүртэв. 

Чун Юү-ра Инчёны Азийн наадмаас алтан медаль хүртсэн тэр жил дэлхийн чансаанд бүр 500 хавьцаа бичигдэж байсан ч Өмнөд Солонгосын Морин спортын холбоо түүнийг тивийн дэвжээнд эх орноо төлөөлөх эрх олгожээ. Өрөөсөн хөмсгөө өргөх төдийд олдсон тэр эрх одоо харин хууль зөрчсөн үйлдэл гэж хууль сахиулагчид үзэж байна.

БНСУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгчийг огцруулах хэмжээнд хүрсэн дуулиант хэргийн гол зангилаа гэгдэж буй Чой Сун-шилд тал засах гэсэндээ Морин спортын холбоо тухайн үед тийм шийдвэр гаргасан гэх шүүмжлэлд өртөөд байгаа.

Түүгээр ч зогсохгүй Чун Юү-раг хичээлдээ яваагүй өдрүүдэд сайн дурын ажилд оролцсон тул чөлөө олгохыг хүссэн хуурамч бичиг баримтыг Морин спортын холбоо үйлджээ. Гэтэл Чун охин хэзээ ч тийм сайн дурын ажилд оролцоогүй байна. 2015 оны гуравдугаар сард Samsung Electronics компанийн ерөнхийлөгч Пак Сан Жин Морин спортын холбооны тэргүүнээр томилогджээ. Тэр цагаас эхлэн 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Samsung хандив, ивээн тэтгэлэг хэлбэрээр нийт 2.6 тэрбум воныг тус холбоонд шилжүүлсэн байна.

Samsung мөн морин спортын шигшээ багт 8 тэрбум вон өгчээ. Тухайн үед шигшээ багийнхан Герман дахь Core Sports International GmbH гэх компанитай хамтран бэлтгэл хийж байв. Харин тэр компанийг Чун Юү-рагийн ээж Чой Сун-шил хариуцан ажилладаг байжээ. Samsung-ийн хандивласан тэр их мөнгөний дийлэнхийг Чун Юү-ра болон түүний дасгалжуулагчид зарцуулсан бөгөөд Чун охинд зориулж нэг сая еврогоор Vitana V гэх морь авч өгсөн баримт ч бий гэнэ. Мөн л 2015 оны гуравдугаар сард Чун Юү-ра Ихвагийн охидын их сургуульд элсэн оржээ. Улсдаа нэр нөлөө бүхий чансаа өндөр сургуульд элсэн ороход нь түүнд Азийн наадмын амжилт нь чухал нөлөө үзүүлсэн гэнэ. 

Чун элсэлтийн шалгуурыг хангаагүй, гэвч морин спортын амжилтыг нь харгалзан сургуулийн зөвлөл түүнийг онцгой тохиолдол гэх нэрийн дор сургуульдаа авчээ. Гэтэл сургуулийн элсэлтийн бүртгэлийн хугацаа дууссанаас хойш дөрөв хоногийн дараа Чун Юү-ра Азийн наадмаас медаль хүртсэн байв. Мөн тэр хэзээ ч сууж байгаагүй хичээлдээ ч “онц” дүн авсан байлаа.  Энэ л түүний, бас ээжийнх нь алдаа байв. Ихвагийн охидын их сургуулийн оюутнууд үргэлж давуу эрх эдэлдэг түүнийг, түүнд үргэлж илүү боломж олгодог сургуулийн удирдлагуудыг эсэргүүцэн жагссан нь өнөөдрийн энэ дуулиант хэргийн эхлэл болсон юм. Баян, бас хүчирхэг эцэг эхийн хүүхэд болж төрсөн учир илүү эрх ямба эдлэх ёстой юу гэсэн оюутнуудын эсэргүүцэл томорсоор Ерөнхийлөгчийг ч суудлаас нь огцрууллаа. Одоо Пак Гын Хэ шоронгийн өрөөнд хоригдож байгаа. Прокуророос түүнд 18 зүйл ангиар ял тулгасан бөгөөд Пак сэтгэл санааны гүн шоконд орж, гөлрөх, дуугаа хураах эмгэгт автсан гэх мэдээлэл цацагдаад байна. 


“ЭЭЖ БҮГДИЙГ ХИЙСЭН”


2016 оны аравдугаар сард энэ сэдэв анх хөндөгдөх үед Чун Юү-ра хэдийн ээжтэйгээ, бас нэг настай хүүгээ дагуулаад Герман руу явчихсан байв. Чун 2015 оны арванхоёрдугаар сард морин спортын тамирчинтай гэрлэж, хүүтэй болжээ.

Чун Юү-раг баривчилсан тухай мэдээ телевизээр цацагдав. 2017.01.03

Чой Сун-шил, Чун Юү-ра нар Франкфуртын ойролцоох Шмиттен гэх жижиг хотод амьдарч байсан гэдэг. Морин спортын төвийн газарт байрлах байшинд амьдарч байсан тэд бараг 15 нохой, таван мууртай байсан гэж хөршүүд нь ярьжээ. 

Өмнөд Солонгост дуулиан дэгдэхтэй зэрэгцээд Чой овогт бодит байдалтай нүүр тулахаар Сөүл рүү буцжээ. Харин Чун Юү-раг баривчлахаар Өмнөд Солонгосын хууль хяналтын байгууллага Интерполд хандав. Ингээд Чун бүсгүйг олон улс даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг сургуулийн хуурамч бичиг баримттай холбогдуулан, мөн өөр бусад хэргээр эрүү үүсгэсэн байв. Чун Юү-раг оргон зайлахад тусалсан, эсвэл нотлох баримтыг устгахыг завдсан хэн боловч хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. 

Чун Юү-ра Данид саатуулагдсаны дараа

Харин Чун овогт Германы баруун өмнөд хэсгийн Карлсруэ хотын тансаг буудалд орогнож, арваннэгээс арванхоёрдугаар сар хүртэл хоногийн 250 ам.долларын өрөөнд бүгж байжээ. Эцэстээ 2017 оны нэгдүгээр сарын 2-нд цагдаа нар түүнийг Даниас илрүүлсэн байна. Харин Чун овогт хүүгийн хамт Данийн Ольборг хотоос улс төрийн орогнол хүсчээ. 

Данийн Ольборг дахь Чун Юү-раг олж баривчилсан байшин. 2017.01.02.

Өмнөд Солонгос руу албадан буцаахын эсрэг шүүхэд хандахдаа тэр өөрийнхөө нэр холбогдсон авлигын хэрэгт ямар ч буруугүй, энгийн л нэг тамирчин хүн гэжээ. Шүүх танхимд тэрбээр “Ээж бүгдийг хийсэн. Би юу ч мэдэхгүй” хэмээн мэдүүлж, Samsung түүнд цэвэр цусны морь худалдаж авч өгснийг харин хүлээсэн байна.

Шүүх хурлыг сурвалжлахаар Данид очсон Өмнөд Солонгосын сэтгүүлчдэд тэр өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж хэлжээ.

Данийн Ольборг дахь Чун Юү-рагийн түр саатуулагдаад буй хорих анги. Өмнөд Солонгосын албаны хүмүүс түүнийг эх оронд нь буцаах асуудлаар хөөцөлдөж байгаа.

“Сургуулийн бүртгэлээс миний нэрийг хасаад өгөөч гэж би ээжээсээ гуйсан. Гэвч хүсэлтийг минь хүлээж аваагүй” гэж Чун Юү-ра Ихвагийн сургуулийн дүрэм зөрчиж элссэн тухай хэлжээ. “Хүүхэдтэй болсныхоо дараахан би Германд ирсэн. Тийм болохоор их сургуулийн багш минь ямар хүн байсныг ч би мэдэхгүй. Өөр бусад зүйлсийн талаар ч мэдэхгүй байна. Миний элсэлтийн материал тааруу байсан учраас шууд л хасагдсан байх гэж бодож байсан” гэж Чун Юү-ра мэдүүлсэн байна. 

Мөн тэр ээжийгээ ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ямар холбоотой гэдгийг ч мэдэхгүй гэжээ. “Аав минь ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг байхад л би хамгийн сүүлд Пак ерөнхийлөгчийг харсан. Тэр үед би бага сургуулийн сурагч байсан” гэж тэр ярьсан байна. Хүүхдийнх нь эцэг хэдэн сарын өмнө орхиод явчихсан, хүүхдээ даатгах итгэлтэй хүн байхгүй учир хүүгээ харж хандан, хамт үлдэхийг зөвшөөрөхийг шүүх танхимд наминчлан гуйсан гэнэ. “Би зөвхөн хүүхдэдээ л санаа зовинож байна. Хэрэв Өмнөд Солонгосын цагдаа намайг хүүхэдтэйгээ үлдэхийг зөвшөөрвөл би хэзээ ч эргэж очиход бэлэн” гэжээ. 

Чун Юү-ра өдгөө Данид байгаа. Өчигдөр /2017.04.19/ шүүх хурал болж Данийн талаас түүнийг эх оронд нь буцаах шийдвэр гаргажээ. Гэхдээ Чун овогт давж заалдахаа мэдэгдсэн байна. Тэгэхээр дээд шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл Чун Юү-ра Өмнөд Солонгос руу буцахгүй ажээ.


С.ЦЭЛМЭГ 

Эх сурвалж: Korea Times, Wall Street Journal, Chosun Ilbo, Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна