Амжилтад хүрэхийн тулд юуг чухалчлах вэ?

2017 оны 4 сарын 19

-Тамирчин хүнд аз 47 хувь, мөнгө 72 хувь байхад мэдлэг, манлайлал, ажилсаг байдал 96-98 хувьтай гарсан нь судалгаагаар тогтоогджээ-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас/БТСГ/ долоо хоног бүрийн лхагва гаригт Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт зориулсан сургалтыг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Энэхүү сургалтыг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба хариуцан зохион байгуулдаг бөгөөд ээлжит сургалтыг ХААН банкны Харилцагчийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Түвшинтөгс “Харилцаа ба хандлага” сэдвээр тавилаа. Долоо хоног бүрийн сэдэв өөр өөр байж, мөн илтгэгч нарыг тусгайлан сонгож байгаа аж.

Энэхүү сургалтаар тамирчин, дасгалжуулагч болон спортын зүтгэлтнүүдийн харилцаа ба хандлагыг түлхүү хөндөж өгөв. Эх орныхоо нэрийн хуудас болсон Үндэсний шигшээ багийн тамирчдын хамгийн чухал сэдэв болсон харилцаа ба хандлага сэдвийг энэ удаа сонгожээ. Амжилтад хүрэхийн тулд юу хэрэгтэй вэ гэсэн асуултын хариултыг хүргэе. Үүнд аз, мөнгө, мэдлэг, манлайлал болон ажилсаг байдал орж байна. Харин үүнийг хувьд шилжүүлбэл аз 47 хувь, мөнгө 72 хувь байхад мэдлэг, манлайлал, ажилсаг байдал 96-98 хувьтай гарсан нь судалгаагаар тогтоогджээ. Эдгээрийн үр дүнд хандлага 100 хувь гарсныг онцолж байв. Тиймээс тухайн тамирчинд аз, мөнгө байлаа ч мэдлэг, манлайллын хүч гарахгүй бол өрсөлдөгчдөд амархан ялагдаж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүйг харуулж байна. Үүнээс харахад мэдлэг, манлайлал, ажилсаг байдлаа сайжруулсан тамирчдад ялалт ойр байдаг аж. Мөн сахилга баттай байх, өрсөлдөгчөө хүндэтгэх, үлгэрлэн манлайлал ч таныг амжилтад хүргэхэд голлох юм.

Харилцаа үлгэр дууриалал байх ёстой. Тамирчин хүнд байнгын болгоомжийн харьцаанд байж, нийгэмд хэнтэй хэрхэн харьцаж байхыг чухалчлав. Мэдээж эцсийн үр дүнд эрмэлзэл, зорилгоо сайтар тодорхойлж, сахилга бат, бүтээлч сэтгэлгээг өөрчилснөөр ялалт авчрахыг “Харилцаа ба хандлага” сэдвийн гол агуулга оршиж байв.

ХАРИЛЦААНЫ ХЭЛБЭРҮҮД:

  • Байгальтай

  • Өөртэйгөө

  • Эд юмстай

  • Нийгэмтэй

АМЖИЛТАД ХҮРЭХИЙН ТУЛД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Аз - /47 хувь/

  • Мөнгө /72 хувь/

  • Мэдлэг – /96 хувь/

  • Манлайлал - /97 хувь/

  • Ажилсаг байдал – /98 хувь/

  • ХАНДЛАГА – 100 хувь байж, та жинхэнэ утгаараа амжилтад хүрнэ.

Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдад зориулсан долоо хоног бүрийн лхагва гаригийн дадлага-сургалт болсон дараагийн уулзалтаар эргэн уулзацгаая. Энэхүү сургалт лхагва гаригийн өглөөний 08.00-09.00 цагаас эхэлдэг бөгөөд эртэч уулзалтыг дараагийн сэдвийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна