Волейболчид Азийн шилдгүүдтэй өрсөлдөнө

2017 оны 4 сарын 19

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээн ирэх тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох билээ. Тус тэмцээнд БНСУ, БНАСАУ, БНХАУ, Макао, Тайвань, Япон, Хонконг, Монгол улсын Үндэсний холбоодын баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Азийн волейболын холбоотой хамтран Монголын волейболын холбоо энэхүү тэмцээнийг зохион байгуулах бөгөөд хамтарч ажиллах байгууллагуудтай гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр/2017.04.19/ МҮОХ-ны хурлын танхимд боллоо. Тус тэмцээний бэлтгэл ажил нэг сарын өмнөөс эхэлсэн бөгөөд талууд өөрсдийн үүрэг хариуцлагатай байж, Монгол улсын нэр хүнд, спортын маркетинг, менежементийг хөгжүүлэх, мэргэжлийн чиг хандлагыг мэдрүүлэх зорилготой юм. Тэмцээнд оролцох тамирчид, зочдын зочид буудлыг "Баянгол" зочид буудал, билетийн борлуулалтыг ticket.mn,  волейболын спортыг дэмжигч бизнесийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахаар JCDecaux компани, олон улсын тэмцээний гэрэл зургийг Студи-3-ийн хамт олон, тамирчдын цэвэр усыг “Витафит” компани, аюулгүй байдал, хамгаалалтыг O.B.S секюрити тус тус хариуцан хамтран ажиллахаар боллоо. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Азийн 180 гаруй тамирчин, албаныхан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх бөгөөд хамтран ажиллах байгууллагууд ажлаа өнөөдрөөс эхлүүлж байна.

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ БАГ 2015 ОНД IV БАЙРТ ОРЖ БАЙВ

Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн анх 1998 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Монгол улсад дөрөв дэх удаагаа явагдах гэж байна. Өмнө нь 2000, 2008, 2015 онд Улаанбаатар хотноо зохиогдоход эмэгтэйчүүдийн шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд шигшээд шалгаран IV байр эзэлсэн амжилт үзүүлсэн билээ. Энэ жил Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн жил Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн АШТ-ийг зохион байгуулж байгаа нь тус холбооны нэгэн онцлох ажил болоод байна.

АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН АШТ-2015. МОНГОЛЫН БАГ IV БАЙРАНД ОРСОН. ФОТОГ: Н.БАТМӨНХ

АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН АШТ-2015. МОНГОЛЫН БАГ IV БАЙРАНД ОРСОН. ФОТОГ: Н.БАТМӨНХ

АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН АШТ-2015. МОНГОЛЫН БАГ IV БАЙРАНД ОРСОН. ФОТОГ: Н.БАТМӨНХ

АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН АШТ-2015. МОНГОЛЫН БАГ IV БАЙРАНД ОРСОН. ФОТОГ: Н.БАТМӨНХ

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна