Буулгахаас аргагүй Спортын төв ордон

2017 оны 4 сарын 20

-Шинэ ордон барих төслийг 230 гаруй тэрбум төгрөгт багтаан хийхээр төлөвлөсөн байна-

Спортын  төв ордныг нураах цаг болсныг хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн. Учир нь Мэргэжлийн хяналтын газраас ордныг ашиглах боломжгүй гэсэн актыг удаа дараа гаргасантай холбоотой. Үүнийг жил бүрийн засварын ажил баталдаг. Хэдийгээр холбоод хэдэн зуун сая төгрөгөөр засвар хийсэн ч хуучирсан барилга түүнийг нь жил хүрэхгүй хугацаанд сүйтгэж орхино. Үүнд олон холбоодын засварын ажлын жишээ бий.  Мөн өнөөдөр ордны “А” заалыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар засварлаж байгаа ч тэд гайхсаар явна. Аргагүй шүү дээ тэдэнд ингэж хэлэх эрх бий. Үнэхээр гаднаасаа харахад хэдийн хуучирсан барилгад дотор нь хэдэн зуун саяаар засвар хийгээд ч нэмэр байхгүйг зуны бороо, өвлийн хүйтэн өдрүүд харуулдаг. Мөн ийм хэцүүхэн зааланд бэлтгэл хийгээд олимп, дэлхийн тэмцээнээс медаль хүртдэг монголчуудын амжилтыг гадныхан гайхдаг. Энэ талаар жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийн үеэр Франц, Оросын жүдоч хэлж байсныг бид мэднэ. Харин өдгөө улс орных нь нүүр царай болсон спортын алдартнуудынхаа залгамж халааг авах залуучуудынхаа өмнө ямар орчинг бэлдэж өгөх вэ гэсэн  асуулт бидэнд тулгараад байна. 

Спортын холбоодын ажил нэг хэсэгтээ цэгцэрчээ. Тиймээс тус ордонг буулгаж,  дахин шинэ ордонг барих болсныг албаныхан онцолсоор байна.

Спортын холбоодын ажил нэг хэсэгтээ цэгцэрчээ. Тиймээс тус ордонг буулгаж,  дахин шинэ ордонг барих болсныг албаныхан онцолсоор байна. “Алдар”, “Аврагч”, “Хүч” хороо болон спортын бусад клубууд өөрсдийн заал, танхимтэй болжээ. Өдгөө чөлөөт бөхийн тамирчид “Олимп” цогцолборт бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Хэдийгээр Спортын төв ордны өргөлтийн зааланд чөлөөтийн тамирчид бэлтгэл хийх боломжгүй болсон ч холбооны зүгээс дахин засвар хийхээр зэхэж байна. Тэд энэхүү хүсэлтээ БТСГ-т тавьдаг ч тус холбооноос “Хэдэн зуун саяаар засвар хийж байгаа нь сайшаалтай ч нэг жил, эсвэл магадгүй таван жилийн дараа ч ордон энэ янзаараа байх эсэхийг мэдэхгүй байна. Яг хэзээ хуучин барилгыг буулгахыг бид мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгчээ. Чөлөөт бөхийн холбооноос өргөтгөлийн байрны бэлтгэлийн танхимдаа засварын ажлаа эхлүүлсэн байна.

Чөлөөт бөхийн холбооноос бэлтгэлийн зааланд засвар хийхээр ажлаа эхлүүлжээ. Гэхдээ жил бүр хэдэн зуун саяаар хийдэг засварын ажлыг зуны бороо, өвлийн хүйтэн шалгаад өгдөг.

БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар Спортын төв ордныг шинэчлэх талаар саналаа хэлсэн байна. Шинэ ордон барих төслийг 230 гаруй тэрбум төгрөгт багтаан хийхээр төлөвлөжээ. Шинэчлэн баригдах Спортын ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заалтай. Мөн тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл, дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албаны тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөгдсөн байна. Харин эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед мөнгөн дүн өндөр байгаа тул түр хойшлуулна уу гэсэн саналыг Засгийн газраас өгөөд байгаа аж.

ШИНЭ ОРДНЫ ЗАГВАР. 2015 он.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Тэд өнгөрөгч мягмар гаригт/2017.04.18/Спортын төв ордонд ажиллаж, спортын холбоодын төлөөлөлтэй уулзан мөн бэлтгэлийн танхимтай танилцсан. Энэхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахалж байгаа бөгөөд тэрбээр олон олон спортын төлөө зүтгэлтэй гишүүдийг багтаан оролцуулахаа мэдэгдсэн юм. Мөн тэд Спортын төв ордны яг өнөөгийн дүр зургийг хараад авлаа. Бэлтгэлийн танхимын хоосон өрөөнүүд, хэдэн зуун саяаар засвар хийхээр төлөвлөсөн цаасан зургийг харахнээ тэдний энэ мөнгө хайран санагдана. Хэдийгээр холбоод байдаг санхүүжилтээ гаргаж, засварыг хийх ч зуны бороо, өвлийн хүйтэн барилгын хугацаа дууссныг илтгэдэг.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг Спортын төв ордонд ажиллах үедээ:

-1958 онд баригдсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна. Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэж болох талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно гэсэн юм.

СПОРТЫН ТӨВ ОРДОН АКТАНД ОРСНЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС ХОЁР Ч УДАА ГАРГАЖЭЭ.

Спортын төв ордон нь жараад жилийн өмнө  БНХАУ-ын тусламжаар баригдсан бөгөөд жилдээ улсын болон олон улс, тив, дэлхийн 140 тэмцээн зохион байгуулагддаг. Тус ордонг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр ч удаа гаргажээ. Гэвч  Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтаа хангадаг гол газар учраас одоог хүртэл ашигласаар байгаа юм.

Тус ордонд жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг, өсвөрийн тамирчид хичээллэдэг. Гэвч тэдний хичээллэж буй дээрх бүх танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, хана, тааз нь нурж, будаг нь хууларсан байдалтай байна. Хэдхэн жилийн өмнө “Буянт-Ухаа” спортын ордонг барьж өгсөн БНХАУ-ын зүгээс бидэнд дахин шинэ ордон барихад туслах  бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсээр байгаа. Энэ мэтчилэн гадны болон дотоодын компаниудын дэмжлэгийг авах юм бол шинэ ордон барих цаг нь болсон харагдана. Жилээс жилд хойшлуулах биш эхлүүлэх л чухал байна.

Чөлөөт бөхийн бэлтгэлийн зааланд бэлтгэл хийх боломжгүй болжээ. Заал дулаалгаа алдаж, эргэн тойрон цанатаж байгаа учраас тамирчид "Олимп" цогцолборт бэлтгэлээ хийж байна. 2017.04.18

Спортын төв ордны "А" заалыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар засварлаж байна. Өөрөөр хэлбэл тус засварын хөрөнгийг Сагсан бөмбөгийн холбоо болон Ширээний теннисний холбоо урд хөршийн талуудтай ярилцаж, олсон байна. 2017.04.18

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна