Өмнийн говийн дэд бүтцийн талаар сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Өмнийн говийн дэд бүтцийн талаар сонирхоорой

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэлтээс гарчээ. Энэ удаагийн дугаарт Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн байна. Өмнөд говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг байршил, дэд бүтцээр хангах онцлогийг харгалзан гурав хувааж байгаа бөгөөд баруун хэсэгт Нарийнсухайт, Овоот толгойн нүүрсний орд, төвийн хэсэгт Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Оюутолгойн зэс-алтны орд, зүүн хэсэгт Цагаан суваргын зэс молибдений орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд байрлаж байгаа юм.

Эдгээр стратегийн ач холбогдол бүхий ордууд болон өмнөд говийн бусад ашигт малтмалын ордуудыг түшиглэн дараахь уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж байгаа билээ.  
Баруун хэсэгт Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордыг түшиглэн уул уурхай-кокс хими-эрчим хүчний цогцолбор, төвийн хэсэгт Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн уул уурхай-кокс хими-эрчим хүчний цогцолбор, Оюутолгойн зэс-алтны ордуудыг түшиглэн зэс баяжуулах-хайлуулах үйлдвэр, Тарагтын гөлтгөний ордыг ашиглан барилгын материалын үйлдвэр, зүүн хэсэгт Цагаан суваргын зэс молибдений орд болон түүний ойр орших бусад ордыг түшиглэн уул уурхайн баяжуулах үйлдвэр, Чойр, Сайншандын бүсэд эрчим хүчний цогцолбор, газрын тос боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр, Хавиргын улааны орд,  Билүүтийн шохойн чулууны орд, Түшлэгийн базальт чулууны ордуудыг түшиглэн барилгын материалын үйлдвэр барихаар төлөвлөжээ.

Өмнөд говийн ашигт малтмалыг олборлох, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд ажиллах хүчин суурьших хот, сууринг байгуулах, хүн ам, үйлдвэрлэлийн хэрэгцээний усны судалгаа хийх, нөөцийг илрүүлэх, цахилгаан, эрчим хүчээр хангах, уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх тээврийн сүлжээ байгуулах зэрэг инженерийн суурь дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх юм. Түүнчлэн  томоохон уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээс өмнө тэдгээрийн байгаль орчинд болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах арга замыг тодорхойлно. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.

Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг мөн нийтэллээ. Хөршийн эрх, уг эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн “Эдийн болон эдийн бус баялгийн эрх” хэмээх дэд хэсэг дэх зарим зүйл заалтыг хэрхэн нэг мөр ойлгох талаар уг тогтоолд тайлбарлажээ.

Сүүлийн үед байр орон сууцтай нь хөрш залгаа барилга барьснаас бусдын эрх зөрчигдөж байгаа талаар маргаан гарах нь нэмэгдсэн. Тэгвэл энэхүү харилцааг зохицуулж байдаг хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгох талаар эмхтгэлд нийтлэгдсэн Дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байна. “Хөрш залгаа эд хөрөнгө”, “аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах”, “ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээ”, “нөхөн төлбөр”, “ноцтой хохироож болох барилга байгууламж” гэдгийг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг эмхтгэлийн хуудаснаас харж болох юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж