Зүүнбүрэн сумын нутагт гурвалжин будаа тарина

2017 оны 4 сарын 20

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг Япон улсын Шизүока мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Сэлэнгэ аймгийн талаас ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтсийн дарга нар, Япон улсын Шизүока мужийн талаас газар тариалангийн албаны дарга НИТТА, газар тариалангийн мэргэжилтэн ИШИДА болон гадаад харилцааны албаны хэсгийн дарга ЭРДЭНЭХАТАН, орчуулагч О.ХЭРЛЭН нар оролцлоо. Энэхүү уулзалт нь өнгөрөгч оны 10-р сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга Шизүока мужтай газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар байгуулсан “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ. Манай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлээс Монгол Улсын гурил, талх шууд хамааралтай байдаг билээ. Үр тарианы 50-60 хувийг дангаараа хангадаг манай аймгийн хувьд газар тариалан эрхлэгчидээ бүх талаар нь дэмжиж, ахиц дэвшлийг бий болгох ёстойг аймгийн дарга онцолж байв.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил:”Манай аймаг бол газар тариалангийн гол бүс нутаг. Одоо бид мал аж ахуйгаа эрчимжүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. Бидний ярианы гол сэдэв болсон гурвалжин будааг Сэлэнгэ аймагт тариалах асуудал маань ажил болоод туршилтынхаа хэмжээнд ирсэн нь сайхан байна. Манай аймагт бидний ярьсан бүхнийг ажил болгож хэрэгжүүлэхээр ирсэн та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Япон улсын Шизүока мужийн газар тариалангийн албаны дарга НИТТА:” Биднийг хүлээн авч байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Бид та бүхэнтэй гурвалжин будааг хамтарч тариална. Гурвалжин будааг тариад 09-р сард хураах хүртэлх хугацаанд 4 удаагийн давтамжтайгаар бид ажиллана. Япон улсын өндөр чанартай гурвалжин будааны үрийг Сэлэнгэ аймгийн хөрсөнд суулгаж, газар тариалангийн салбарын нэгэн тулгуур үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна гэж бодож байна. Ирэх 8-р сард Шизоука мужийн дарга Сэлэнгэ аймагт ирэх төлөвлөгөөтэй байгаа. Мужийн дарга маань гурвалжин будааны цэцэг дэлгэрэх үеэр тэрхүү талбайг үзэж сонирхохыг хүсч байгаа” гэлээ.

Шизүока мужийн мэргэжилтнүүд Зүүнбүрэн сумын нутаг дахь тариан талбайнуудаар явж бодит байдалтай танилцан, тохирох талбайд гурвалжин будааны тариалалтыг хийх юм.

ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна