Ерөнхийлөгчид горилогчид нэмэгдсээр

2017 оны 4 сарын 21

Монгол Улс долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгууль ирэх зургадугаар сард болно.

Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам оролцох эрхтэй. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-65 суудал, АН-ес, МАХН-д нэг суудал өгсөн.

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлэх эрхтэй гэдгийг тодорхой заасан. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 2-оос албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Нэр дэвшигчийн бүртгэлийг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тэгэхээр сонгуульд оролцох намууд 12 хоногийн дараа Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээ бүртгүүлэх ёстой. Харин түүний өмнө нам дотроо хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр нэр дэвших сонирхолтой горилогч олширсоор. Ингээд МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөхөөр хэн хэн өөрийгөө сойж эхэлснийг тоймлон хүргэе.

МАН маргаангүй сонголттой юу?

УИХ-ын сонгуулиар Монгол ардын нам үнэлэхүй ялалт байгуулж, 65-уулаа болсон. Харин энэ амжилтаа бататгаж, Ерөнхийлөгчийн суудлаа авч чадах уу гэдэг эргэлзээтэй. Учир нь олонхийн бүлэг, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, санаачилж байгаа ажил нь олон нийтээс төдийлөн онц дүн авч чадахгүй байгаа. Дээр нам дотор нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг багахан хэмжээний тэмцэл өрнөх болсон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүс ч МАН-д хэд хэд байгаа. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гэх мэт олон хүний нэрс сонгуулийн чимээтэй зэрэгцэн дуулдаж эхэллээ.

Горилогчдоор дүүрэн АН

Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам дотор ийм олон нэр дэвшигчид тодорч байсан түүх урьд байхгүй гэхэд хилсдэхгүй.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн хүн бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/ нар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хэвлэлээр зарласан. Тэгвэл Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд нар битүүхэндээ сурталчилгаагаа эхлүүлээд байгаа гэх.

Намын дарга С.Эрдэнэ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Учир нь АН-ын шинэ дүрэмд намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн заалт оруулж ирсэн учраас С.Эрдэнийн оронд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд З.Энхболд ч яригдах болсон. Хэдийгээр УИХ-ын дарга асан З.Энхболд сонгуулийн дараа намын даргын ажлаа өгч, 2020 оны сонгууль хүртэл нам жим байна гэдгээ хэвлэл мэдээллээр мэдэгдсэн ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой явааг намынхан нь үгүйсгэхгүй байна.

Ардчилсан нам нэр дэвшигчээ дотоод сунгаагаар тодруулна. Чингэхдээ горилогчдоос тэрбум гаруй төгрөгийн дэнчин авахаар ярьж байгаа тухай ч улс төрийн хүрээнээс сонсогдож буй. Дотоод сонгуулиа хэрхэн, будлиангүй, хууль зөрчихгүйгээр дотоод сонгуулиа явуулах вэ гэдэг намын даргын толгойны өвчин болоод байгаа аж.

МАХН-д нэр дэвшигч байна уу?

УИХ-д суудалтай гуравдагч хүчин бол МАХН. Энэ парламентад тус намыг ганц хүн төлөөлж буй нь О.Баасанхүү бөгөөд түүний ачаар МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болсон. Гэвч МАХН-аас хэнийг сойх нь өнөөдөр тодорхойгүй байна. Тус намын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр горилж байгаа ч түүний ялтайд тооцогдох хугацаа энэ оны наймдугаар сард дуусна.

Гол тоглогчид хэн байх вэ

Хэдийгээр намууд дунд өрсөлдөөн байгаа том хүрээнд нь харах юм бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн АН-ын Х.Баттулга, МАН-ын дарга М.Энхболд хоёрын хооронд болно гэх таамаг ч бас байна.

Тэдний хэн хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаагүй байгаа ч сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихсон гэдгийг ч хэлэх хүмүүс байна.

АН-ын гишүүн Х.Баттулга сонгуульд өрсөлдөхийн тулд намдаа тэрбум төгрөг хандивлаж, намын гишүүдээсээ итгэл хүлээх ёстой. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын гишүүдийн олонх дэмжсэнээр Ерөнхийлөгчид өрсөлдөх тийз ээ авна. Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд намын дарга Ерөнхийлөгчид өрсөлддөг “зарчмын” дагуу нам доторх өрсөлдөөний тэргүүн эгнээнд явж буй. Гол өрсөлдөөн Х.Баттулга, М.Энхболд нарын дунд өрнөвөл энэ хавар “халуун өдрүүд”-ээр дүүрэн байх биз ээ.

Ямартаа ч Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ гэдэг тавдугаар сарын 2-нд тодорхой болно. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу тав хоногийн хугацаанд бүртгэж, нэр дэвшигчдийн материалыг шалгаж байж нэр дэвшигчийн үнэмлэхийг нь албан ёсоор олгох учиртай. Гол өрсөлдөөн хэн хэний дунд өрнөх вэ гэдгийг харах хугацаа ойртсоор.

/Тайлбар: 1993 оноос хойш зохион байгуулагдсан сонгууль, түүний дүн/

Ш.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна