П.Орхоны оронд С.Батцэцэгийг сонгожээ

2017 оны 4 сарын 21

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцох болсон билээ. Учир нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны бүртгэлийн “Athena” системийн бүртгэлээс Монголын чөлөөт бөхийн тамирчдын мэдүүлэг цагтаа буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөрт багтаан очоогүй байсан юм.

2017 ОНЫ АЗИЙН АВАРГЫГ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Г.МАНДАХНАРАН, Э.НЯМ-ОЧИР, С.ЦЭРЭНЧИМЭД НАР ОРОЛЦОХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДСЭН БОЛ ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬТ С.ЦЭРЭНЧИМЭД ТОДОРХОЙ ШАЛТГААНЫ УЛМААС АЛБАН ЁСООР ЧӨЛӨӨ АВСАН БАЙНА.

Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд болно. Тиймээс Азийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрсийг яаралтай мэдүүлэхийг сануулжээ. Энэ дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон багш, дасгалжуулагчид уг асуудлаар хуралдаж, тамирчдынхаа нэрийг гаргасан байна. Энэ удаагийн Азийн аваргыг Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар оролцохгүй гэнэ. Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн хувьд тодорхой шалтгааны улмаас албан ёсоор чөлөө авсан байна. Харин Г.Мандахнаран, С.Ням-Очирын хувьд залуу тамирчдадаа боломж олгох үүднээс Энэтхэгийг зорихгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн үүнээс гадна шигшээ багийн бэлтгэлд хамрагдаагүй С.Батболд, П.Орхон, О.Үйтүмэн, Н.Лхамгармаа нарыг Азийн аваргад оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Орхоны оронд дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийг сонгожээ. Ийнхүү маргаан дагуулаад байсан бүртгэлийн асуудал цэгцэрч, манай тамирчид Азийн аваргад оролцохоор боллоо. Хэрвээ Монголын тамирчдыг Азийн аваргад оролцуулахгүй гэсэн шийдвэрээ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэвээр үлдээсэн бол чөлөөтийнхөн ирэх есдүгээр сард болох ДАШТ-д оролцож чадахгүй байсан юм.

2017 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Орхон түрүүлж, С.Батцэцэг үзүүрлэв. 2017.01.09. Гэрэл зургийг Н.Батмөнх

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд болсон билээ. Энэхүү тэмцээнд олон сонирхолтой барилдаан гарсан. Тодруулбал эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, залуу тамирчин П.Орхон нарын өрсөлдөөн гол анхаарлын төвд байсан. Хоёр бөх өрсөлдөгч бүрээ ялж, финалд үлдэхэд П.Орхон 10-0 онооны харьцаагаар хүчтэй өрсөлдөгчөө ялж, улсын аварга болсон байсан юм. Мөн тэрбээр энэхүү тэмцээний дараа Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа бататган түрүүлсэн. П.Орхон 2016 оны энэхүү тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичог ялж, шуугиан тарьж байсан билээ.

П.ОРХОН ШИГШЭЭ БАГТ БАГТСАН Ч БЭЛТГЭЛЭЭ Ц.ХОСБАЯР, Ц.ЦОГТБАЯР УДИРДЛАГАД ХИЙХИЙГ ХҮСЧЭЭ.

Өнгөрөгч гуравдугаар сард Үндэсний шигшээ баг бүрдэж, П.Орхон байнгын багт багтсан. "Алдар" спорт хорооны тамирчин тэрбээр өөрийн багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийх хүсэлтээ Шигшээ багийн албанд өгсөн нь асуудал үүсээд байсан юм. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Үндэсний шигшээ багийн албаас шийдвэрээ гаргаснаар Азийн аваргад оролцох тамирчдын нэрс ийнхүү өөрчлөгдсөн байна. Тамирчдын нэрсийг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон багш, дасгалжуулагчид гаргажээ. 2017 оны Азийн аваргад оролцох баг тамирчдын нэрсийг эргэн хүргэнэ.

2017 ОНЫ УАШТ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

2017 ОНЫ УАШТ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

2017 ОНЫ УАШТ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

ОЛИМПИЙ ХҮРЭЛ, ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА, ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР С.БАТЦЭЦЭГ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ. 2017 ОНЫ УАШТ-ИЙ ҮЕЭР.

2017 ОНЫ УАШТ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

2017 ОНЫ УАШТ-Д ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД:  /Буянт-Ухаа спортын ордон, 2017.01.7-8/

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Э.Нарангэрэл /"Хангарьд" клуб/
  • 58 кг: С.Цэрэнчимэд /"Алдар" спорт хороо/
  • 60 кг: Б.Шоовдор /"Хилчин" спорт хороо/
  • 63 кг: П.Орхон /"Алдар" спорт хороо/
  • 69 кг: Ш.Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
  • 75 кг: Б.Одончимэг /"Алдар" спорт хороо/

ЭРЭГТЭЙ:

  • 57 кг: С. Батболд /"Сүлд" спорт хороо/
  • 61 кг: Э.Ням-Очир /"Хилчин" спорт хороо/
  • 65 кг: Н. Лхамгармаа /"Алдар" спорт хороо/
  • 70 кг: Г.Мандахнаран /"Алдар" спорт хороо/
  • 74 кг: Д. Гомбодорж /"Сүлд" спорт хороо/
  • 86 кг: О.Үйтүмэн /Алдар спорт хороо/
  • 97 кг: Ө.Батзул /"Хүч" спорт хороо/
  • 125 кг: Н.Золбоо /Хүч спорт хороо/ тус тус 2017 оны аварга болж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болсон билээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна