LIVE: ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН /2017.04.21/

2017 оны 4 сарын 21

Эрэмбэлэх:
17:31 2017.04.21

Чуулган: Тариалангийн салбарт аж ахуй нэгжийг нэгтгэнэ

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хаврын тариалалтын асуудлаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн мэдээллийн цагт зөвхөн сөрөг хүчин асуулт асуух эрхтэй юм байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлж, гишүүд асуулт асуув. Тэрбээр энэ салбарт улстөржилт хэрэггүй гэдгийг сануулаад Ардчилсан намын хийж байсан сайшаалтай ажлыг үргэлжлүүлэх ёстой гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар асуулт асуув. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч мөн асуулт асуусан юм. Тэрбээр “Атрын II аян” гэдгээ боль. “Атрын II аян”-ыг дуусгах хэрэгтэй. “Атрын II аян”-ы үеэр баахан газар сэндийчсэн. Дээр нь малын эмийн асуудал хэр шударга байдаг вэ. Мал өвчиллөө вакцинжуулна л гэнэ. Зарим гадаад хүн монгол малын мах идэхээс ч айж байна. Юу ч тарьчихсан юм билээ” гэв.

Хариулт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

-Монгол малын мах идэхээс айж байна гэж. Гадаадын өндөр шаардлага тавьж байгаа улс орнууд ийм зүйлийг ярьдаг. Гэхдээ монголд ирэхээр малын мах хамгийн амттай байна гээд идээд байдаг юм.

-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу. Тариалангийн талбай, бэлчээрийн талбайн асуудал маргаантай байдаг. Үүнийг хуульд тусгах хэрэгтэй.

Одоо том компаниуд газар тариалангийн салбарт орж байна. Гэтэл нутгийн тариалан эрхлэгчид, жижиг аж ахуй нэгж хавчигдах аюултай байдаг. Тиймээс жижиг аж ахуй нэгж, тариалан эрхлэгчдийн хэрхэн дэмжих бодлого хэрэгжүүлэх вэ?

Хариулт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Том компаниуд жижиг аж ахуй нэгжийн газрыг аваад байна гэж байна. Газар тариалангийн салбарт бол эрсдэл ихтэй. Манай 800 гаруй жижиг аж ахуй нэгж багахан хэмжээний тариалан эрхэлдэг. Дээр нь чанарын асуудал сөхөгдөж гарч ирдэг. Тэгэхээр жижиг аж ахуй нэгжүүд мань нэгдэж, чанараа ахиулах чиглэл рүү явж байгаа. Харин том компаниуд маань нутгийн иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг тал бий.

УИХ-ын гишүүн Д.Мурат:

-Манай Баян-Өлгий аймгийн малчдаас өргөдөл гомдол ирдэг. Улаанбаатараас манай аймаг хүртэл 4-5 хоног вакцин тээвэрлэдэг. Баян-Өлгий аймагт вакцин тээвэрлэхдээ замын машинд явуулчихдаг. Тээвэрлэх явцад вакцины чанар алдагддаг. Тиймээс үүнд малчид санаа зовниж байгаа юм. Хүнсний ногоогоо Хятадаас авахгүй байх боломж байдаг уу.

Хариулт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Баян-Өлгий аймагт вакцин тээвэрлэхдээ замын машинд явуулчихдаг.гэж байна. Тийм асуудал байхгүй. Био комбинатаас тусгай тээврийн машинаар тээвэрлэдэг. Хүнсний ногооны хувьд Хятадаас авахгүй байх боломж байхгүй. Гэхдээ бид өөрсдөө дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээгээ хангах зорилт тавиад байгаа.

Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөж байна.

16:57 2017.04.21

Чуулган: “Атрын III аян”-ыг үргэлжлүүлнэ

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа /үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай/, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна. Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, тогтвортой өсөлтийг бий болгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Үр тариалангийн даатгалын тухай хууль болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тариалангийн талаарх зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын дагуу “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэхээр тогтож, уг ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүдэд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн бөгөөд 4.1 мянган тонн буудайн үр дутагдаж байгааг зохицуулах арга хэмжээг авч, 2017 онд төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрсдийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортоор авах зөвшөөрөл олголоо. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил явагдаж байна.

Цаашид тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна:

  • “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд улаан буудайн үрийн шинэчлэлийн бодлого, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дунд хугацааны хөтөлбөр, “Залуу тариаланч” төслийг батлан хэрэгжүүлэх.
  • Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх.
  • Тариалангийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох.
  • Хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах.
  • Таримлын сэлгээн дэх ээлжийн тоог нэмэгдүүлэх, тэжээлийн болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх.
  • Тосны ургамлын тариалалтыг нийт тариалах талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй байх ажлыг зохион байгуулна” гэв.

Ингээд цөөнхийг төлөөлж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Засгийн газрын хаврын тариалалтын ажлын талаарх мэдээллийг сонслоо. Энэ салбарт ямар ч улс төр байх ёсгүй. Хөдөө аж ахуйг тоо биш чанартай хүнсээр хангах нь тэргүүний зорилт билээ. Хөдөө аж ахуй гол салбар болох газар тариаланг бусад салбартай хослуулан хэрэглэх шаардлагатай. Цаашид үрийн аж ахуйг төрийн бодлогоор дэмжих, зөвхөн үр тариалдаг тариалан эрхлэгчийг дэмжих, тариалангаа даатгалтай болгох зэрэг шаардлагыг Засгийн газар анхаарч үзнэ биз ээ” гэв.

Үүний дараа О.Баасанхүү гишүүн горимын санал гаргав. Тэрбээр “МАХН нийт сонгогчдын 13 хувийг авсан. Ардчилсан нам бас тодорхой хувийг авсан. Сөрөг хүчин гэж ярих юм бол Засгийн газраа байгуулаагүй хүчнийг хэлдэг байх. Тиймээс надад үг хэлэх эрх олгооч гэх гээд байгаа юм. Өмнө нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж УИХ-ыг түр даргалахдаа миний үг хэлэх эрхийг хассан. Тиймээс Ерөнхий сайдын мэдээлэл дээр надад үг хэлэх эрх олгооч. Манай Орхончууд дунд газар тариалан эрхэлдэг хүмүүс бий. Тэгэхээр асуух эрхээ хүсэж байна. Олонх цөөнхөө хүндэтгэх нь том ардчилал. Би ганцаараа байгаа юм шиг харагдаад байна. Боломж олдвол намайг үг хэлүүлэхгүй байх санаатай.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Ерөнхий сайдын мэдээллийн цагаар би хувьдаа танд үг өгч байсан. Та ямар утгаар ингээд байгаа юм. Янз бүрийн мэдээлэл хиймээр санагдаад, юу ч хамаагүй яриад микрофон ашиглаад байх юм. Та олон түмэнд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

12:52 2017.04.21

Туршилтын хүнд цалин өгөхгүй бол 5-10 саяын торгууль тавина

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт хувийн хэвшилд ачаалал ирэх хууль оруулж ирлээ хэмээн нэлээд шүүмжилсэн юм.

Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Сая чуулган завсарлах үеэр иргэдтэй уулзахад энэ хуулийг дэмжиж байсан. Ажил эрхлэгчийг торгох заалт оруулсан байна. Таваас арван сая төгрөгийн хэмжээтэй торгууль байна. Өмнө нь байсан торгуулийн хэмжээг ямар үндэслэлээр нэмээд оруулаад ирж байгаа юм бэ?

Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Хуулийн гол амин сүнс нь хоёр сар, гурван сар туршилтын хугацаанд ажиллуулчхаад цалин өгөхгүй байгааг залруулах юм. Тиймээс туршилт хийлгэж ажиллуулж байгаа хүнд цалин өгөх шаардлага тавьж байгаа юм. Торгуулийн хэмжээ өндөр байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Зөрчлийн тухай хуулиар процент нь багасаад явна.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Монгол Улсад хөдөлмөрийн асуудлыг зохицуулж байгаа ганцхан хууль бий. Туршилтын хугацаан дээр нэлээд асуудал гардаг. Зарим газар нь аман хэлбэрээр гэрээ байгуулчхаад ажиллуулаад байдаг. Туршилтын хугацаа зургаан сар байсныг гурван сар болгож байгаа юм байна. Үүнийг 1-3 сар болгож болохгүй юу. Жишээ нь барилга дээр гурван сар ажиллачхаад “за баяртай таны туршилтын хугацаа дууслаа” гээд явуулдаг. Тиймээс хугацааг нь уян болгох хэрэгтэй.

Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Туршилтын зургаан сарын хугацааг гурван сар хүртэл гэж оруулсан. Хүртэл гэдэг нь нэг өдрөөс гурван сарын хугацааг хэлж байгаа юм. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош болгохгүй байхаар хуульчилж өгсөн.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Монгол Улсад хөдөлмөрийн насны 1 сая 200 мянган хүн байхад талыг нь татвар төлөгчийн мөнгөөр цалинжуулаад төрийн албан хаагч болгочхоод байж байгаа. Нийт аж ахуй нэгжийн 50 хувь нь хаалгаа барьчихсан байж байна. Гэтэл бид хувийн хэвшлийг торгоно, чангална гэдэг асуудлыг ярих юм. Хувийн хэвшлээ дэмжих, “чөмөг суулгах” тал дээр анхаармаар байна. Хувийн хэвшлийг чангалах юм хийгээд байх юм бол цаашид ажиллах сонирхол төрөхгүй.

Хариулт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

-Д.Дамба-Очир гишүүний санаачилсан хуульд бол Хөдөлмөрийн тухай хууль дээр хэдэн заалт шинэчлэх зорилгоор оруулж ирсэн. Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийг боловсруулж байгаа. Тавдугаар сарын 10-нд хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Өнөөдөр хувийн хэвшлийнхэн төрийн данхар бүтцээ дийлэхгүй болж байгаа. Монгол Улс 3 сая хүн амтай, маш их баялагтай. Гэтэл хувийн хэвшил дээр ачаалал ирдэг. Хувийн хэвшил цалингаа тавьж чадахгүй, өдөр хоногоо өнгөрүүлж байгаа. 

Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-М.Билэгт гишүүнийг ойлгож байна. Би ч гэсэн нэг компанитай. Манай компани 1000 гаруй хүнтэй. Гэхдээ Хөдөлмөрийн хуульд заасан туршилтын хугацаа, цагийн ажлын асуудлыг зохиоцуулж өгөхгүй бол болохгүй байгаа юм.

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулган түр завсарлаж байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

12:21 2017.04.21

О.Баасанхүү: Ц.Нямдорж та Ерөнхийлөгч бол доо

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэхүү дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй хамаатай асуудал юм. Өөрөөр хэлбэл Дээд шатны шүүх хуралд яллагдагч өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн аж.

Дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах заалт байхгүй тул Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцав.

Хуралдааны үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Анхан шатны шүүх хурлыг шоронд хийж байна. Уг нь Өргөдлийн байнгын хороо шоронд шүүх хурал хийхийг хориглосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал дээр камерын өмнө суулгачихдаг. Дээд шүүх дээр өөрийн биеэр оролцуулахгүй байсан ч болно гэж цэц үзэж байх шиг байна. Өмнө нь бүгд хурал гэж хуралддаг байсан. Нэг удаа цаазын ялтай хүн долоон жил хоригдож байгаад бүгд хурлаар ороод цагаадаж байсан. Одоо бүгд хурал гэж байхгүй. Мөн шоронд шүүх хурал хийхээ хэзээ болих вэ? Ямар ч тохиолдолд шоронд шүүх хурал хийж байгаа хүн цагааддаггүй юм. Тэгээд давж заалдах шатны шүүх хурлын шоронд нь камерын өмнө суулгаж байгаад хийчихдэг. Тухайн иргэн хэзээд нь өөрийнхөө эрхийг хамгаалах юм бэ?

Хариулт: УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-О.Баасанхүү хамаагүй юм ярьдаг. Тэрэнд нь хамаагүй хариулах шаардлага гарах юм байна л даа. Шоронд шүүх хурал хийгээд байгаа юм байхгүй. Шоронгийн хажуу талд өргөтгөл барьсан. Тэр байрыг шүүхийн танхим шиг тохижуулж шүүх ажиллагааны дэглэм журам хэрэгжиж байгаа. Үүнийг сүржигнэх хэрэггүй. Би Япон, Хятад, Австрийн шүүх хуралд сууж байсан. Ялгаагүй байдаг юм. Сүүлд нэг хэрэг дээр өмгөөлөгч нар нь нууцын зэрэглэлтэй гээд гарын үсэг зурчихсан. Одоо өмгөөлөгчид юу ч ярьж чадахгүй байна. Гэтэл О.Баасанхүү та энэ асуудал дээр дуугарч байгаа юм уу. О.Баасанхүүг өмгөөллийн асуудалд хоёр нүүрээр ханддаг байсан юм байна гэж хараад байна. Энд суучхаад янз бүрийн юм яриад байх хэрэггүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Манайхан байнгын хорооны хэлэлцэх асуудал дээрээ анхааралтай хандах хэрэгтэй. Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх хамгаалах асуудал чухал юм. Хүн яг өөр дээр ийм асуудал тулгарвал бүгд л өөрийгөө хамгаалах гэж зүтгэнэ. Өчигдөр талийгаач С.Зоригийн ах дүү хоёр нь маш ноцтой юм хэлсэн. “Бид хоёр итгэхгүй байгаа” гэж байна лээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл гомдол, тэр мессеж чинь надад ирээгүй. Ц.Нямдорж гишүүн та битгий хүн доромжлоод бай. Хорвоо дээр ганцхан өмгөөлөгч, Ерөнхийлөгч болох гэж байгаа юм шиг. Одоо та Ерөнхийлөгч бол доо яршиг.

Ийнхүү цэцийн дүгнэлттэй танилцав. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж эхэллээ.

11:43 2017.04.21

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 51,3 хувийн ирцтэй эхэллээ. Яг одоо Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хянан шийдвэрлэсэн байна. Тиймээс цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Үүний дараа УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийх юм.

11:42 2017.04.21

Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Харин үдээс хойш 15.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

  • Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлт;

  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна