Оюутнууд эрүүлжүүлэгдэх нь нэмэгджээ

2017 оны 4 сарын 21

Жил бүрийн хаврын дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд төгсөх ангийн оюутан болон сурагчид мөнгөн хонхны баяраа тэмдэглэдэг. Тэд ихэвчлэн сургуулиасаа Сүхбаатарын талбай, Зайсан орж зургаа даруулдаг уламжлалтай. Сүүлийн үед зарим нэг сургуулийн анги хамт олон хил давж хонхны баяраа тэмдэглэдэг болоод буй. 

Улсын хэмжээнд 214 ерөнхий боловсролын сургууль, 100 гаруй их дээд сургууль байдаг. Үүнээс хонхны баяр хэр өргөн цар хүрээтэй нь харагдаж байна.

Төгсөх ангийн оюутнууд хонхны баяртаа хэрхэн бэлдэж байгааг асуухаар АШУҮИС-ийг зорилоо.

Тавдугаар курсийн оюутан Ш.Бадам “Одоогоор шалгалт эхэлчихсэн хонхны баяртаа сүртэй бэлдэж байгаа зүйл байхгүй. Ер нь бол ромбо, диплом, сургуульдаа үлдээх юм, монтаж, баярын төсөв буюу ресторан, хотоор зугаалах мөнгө гээд их мөнгө хэрэг болж байна. Дээрээс нь эмэгтэй хүүхэд болохоор өмсөх гоёлын дээл хийлгэх байх. Ингээд нийтдээ нэгээс хоёр сая орчим төгрөг болно. Эрэгтэйчүүдээсээ эмэгтэйчүүд нь илүү зардал гаргадаг байх аа” гэлээ. Дахин хоёр оюутнаас энэ талаар асуухад нэг сая төгрөг хангалттай давж байгааг хэлж байлаа.

Нийслэлийн цагдаагийн газраас авсан мэдээллээр хонхны баяр гэлтгүй долоо хоног бүр эрүүлжүүлэх буюу саатуулах байранд оюутнууд саатуулагддаг гэнэ. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байдаг талаар МҮИС-ийн оюутан ийн ярьж байна “Хичээлээс бусад цагаар бид нарт очих газар цөөхөн байдаг. Сургуулиас гараад л кафе, пабууд л дүүрэн байдаг шүү дээ. Хонхны баяраар уух нь ойлгомжтой, гэхдээ тааруулж л хэрэглэх ёстой гэж бодож байна. Хаагуур яаж баяраа тэмдэглэхээ тодорхой болгоогүй байгаа. Талбай, зайсан орох байх дараа нь амралтад л явах байх” гэлээ. Сүхбаатарын талбай хаврын үед оргилуун дарсны шилээр дүүрдэг.

 Халсан оюутнууд цаашлаад архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, үүнээсээ болж гэмт хэрэгт холбогдож, гэмтэж бэртдэг. Тухайлбал энэ сарын 15-нд “Их засаг” их сургуулийн оюутнууд хонхны баяраа тэмдэглэн амралтад архидан согтуурч байх үеэр ангийн нэг охин нь амь насаа алдсан хэрэг гарсан. Хэргийг одоогоор шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж цагдаагийн байгууллагаас хариу өгч байгаа.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Саруултуяа “Ер нь бол нийт гэмт хэргийн дийлэнх хэрэг нь архи, согтууруулах ундаатай холбоотой байдаг. Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэгүүдэд мэдэгдэл шаардлагуудыг хүргүүлж байгаа. Хамгийн гол нь их дээд сургуулиудын удирдлагууд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурган хүмүүжүүлэх багш нар, эцэг эхчүүд хүүхдээ хаагуур юу хийж байгааг болон мөнгөө юунд зарцуулж байгааг анхаарах хэрэгтэй. Ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнууд хэсэг бүлгээрээ нийлж нэгнийхээ гэр болон зуслангийн байшинд баяр тэмдэглэдэг. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсний улмаас муудалцаж нэгнийгээ гэмтээх цаашлаад гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг. Цагдаагийн байгууллагын зүгээс оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тодорхой төлөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулдаг” гэлээ.

Мөн хонхны баярын эд үе ойртсонтой холбогдуулж Улаанбаатар хотын ойр орчмын амралтын газрууд болон зуслангуудад цагдаагийн байгууллага болон МХЕГ-аас тогтмол шалгалт хийж хяналтыг чангатгахаар болжээ. Эрдмийн баяраар архидан согтуурдаг буруу тогтолцоог эцэг, эх сурган хүмүүжүүлэгч нар уриалж зогсоох хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна.

Г.ТҮШИГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна