Башарын дэглэмд төгсгөл ирсэн үү?

2017 оны 4 сарын 21

Башар аль-Ассад 1965 оны есдүгээр сарын 11-нд Сирийн ерөнхийлөгч Хафез аль-Ассадын гурав дахь хүү болон мэндэлжээ. Төрийн тэргүүний хоёр дахь хөвгүүн байсан тул тэр өөрийгөө хожим эцгийнхээ залгамж халааг авч, улс орноо удирдах тухай төсөөлдөг ч үгүй байсан гэнэ.

Сирийн ерөнхийлөгч агсан Хафез аль-Ассад гэр бүлийн хамт 1970-аад оны эхэн үед.

Башар аль-Ассад Сирийн алдартай гэр бүлээс гаралтай нэгэн юм

Ассад Дамаскийн их сургуульд анагаах ухааны зэрэг хамгаалж, дараа нь Лондон хотын Western Eye эмнэлэгт Нүд судлалын чиглэлээр сурч, мэргэшжээ. 1994 онд ах Бассел нь автын ослоор амиа алдсаны дараа Башар нэн даруй Сири рүү буцаж, эцгийнхээ дэглэмийг үргэлжлүүлэн авч явах ажилд бэлтгэгдэж эхэлсэн гэдэг.

Башар аль-Ассад нь Сирийн ерөнхийлөгч агсан Хафез аль-Ассадын хоёр дахь хүү юм.

Башар 1994-2000 онд Сирийн цэргийн академид суралцаж, эцгийнхээ эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлыг толгойлж байв. Түүний эцэг Хафез аль-Ассад 2000 онд нас барж, Башар залгамж халааг нь авчээ. Хэдийгээр Сирид албан ёсны сонгууль явуулсан боловч Ассад өрсөлдөгчгүйгээр, 97 хувийн саналаар төрийн тэргүүнээр сонгогдсон байна. Ерөнхийлөгчийн албанд сонгогдсон тэр жилээ Башар гэрлэв. Түүний гэргий Лондонд төрж өссөн Асма Ахрас гэгч юм. Тэд 2000-2011 онд төрсөн гурван хүүхэдтэй ажээ.

Башар аль-Ассад гэр бүлийн хамт

Ассад маш богино хугацаанд эрх мэдлээ бататгаж чаджээ. Гэхдээ тэр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, өрсөлдөгчдөө залхаан цээрлүүлэх, хорьж саатуулах зэргээр замаа зайлуулсан гэх шүүмжлэлд өртдөг.

2011 онд Ойрхи Дорнодод “Арабын хавар” бослого дэгдэж, Сирийн иргэд ч өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал, бослого зохион байгуулах болжээ. Харин Ассад цэргийн хүчээр хариу барив. 2011 оны сүүлч гэхэд Сири иргэний дайны байдалд шилжжээ. Ассадын удирдсан Засгийн газрын арми болоод босогчдын хоорондох тэмцэлд 400 мянга гаруй хүн амиа алдаж, Сирийн олон сайхан хот, дэд бүтэц нурж сүйджээ. Дэлхийн II дайнаас хойших хамгийн том, басхүү хамгийн гүн гүнзгий хямрал гэж Сирийн иргэний дайныг нэрлэх болов.

Дайн дажны хөл дунд ч Ассад бууж өгсөнгүй. 2014 онд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж, бараг 90 хувийн саналаар дахин сонгогджээ. Сонгуулийн үр дүн “доог тохуу хийсэн хөгийн зүйл” байсан гэх шүүмжлэл Ассадыг тойрсонгүй.

Башар аль-Ассад эхнэрийн хамт Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөв. 2014.06.03

Башар 2013 онд Сирийн нийслэл Дамаск хотод зарин хий ашиглаж, 1000 гаруй хүний амийг хөнөөсөн дуулиан мандав. Тухайн үед АНУ-ын төрийн эрхийг барьж байсан Обамагийн засаг захиргаа химийн зэвсэг ашигласан Ассадын алхмын эсрэг ОХУ-тай тохиролцож, арга хэмжээ авсан юм. Гэвч Ассадын арми энэ сарын эхээр дахин химийн зэвсэг ашиглаж, 70 гаруй хүний аминд хүрсэн гэх хэрэг одоо ч намжаагүй байна.

Босогчдын хяналтад байгаа Идлиб хотод химийн зэвсгийн дайралтад өртөж, амиа алдсан хүүгээ тэврэн яваа эцэг. 2017.04.04

Ассадын засаг захиргаа хүн ам ихээр суурьшсан хотууд руу дайралт хийж, бөмбөгдөхөө зогсоосонгүй. Дэлхийн лидерүүд, НҮБ-ын төлөөлөгчид ч түүнийг эрс буруушааж, ард түмнийхээ эсрэг дайны гэмт хэрэг өдүүлсэн ерөнхийлөгч хэмээн шүүмжилж байна.

Харин ОХУ Башар аль-Ассадын дэглэмийг дэмжиж, 2015 оны есдүгээр сард Сирийн иргэний дайнд оролцох болов. Тэд босогчдын эсрэг агаарын дайралт хийжээ. Тэдгээр босогчдын бүлэглэлийг АНУ дэмждэг. Ингээд нэг талд ОХУ, Иран ба Сири, нөгөө талд АНУ ба түүнийг дэмжигсэд гэсэн албан бус дайн хэдийнээ өрнөж эхэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад нар Кремльд. 2015.10.20

Сирийн иргэний дайны үр дүнд дүрвэгсдийн асар том давалгаа дэлхий нийтийг хамарч байна. Дэлхийн II дайнаас хойших анхны гэж болох энэ дүрвэгсдийн хямрал өдгөө Ойрхи Дорнод төдийгүй АНУ, Европын зайлшгүй анхаарах асуудал болжээ.

Сирийн дүрвэгсэд. 2015.09.23

“Сири дэх Ассадын дэглэм төгсгөл үедээ ирсэн” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон саяхан мэдэгдсэн. Харин Башарын дэглэмийг дэмжигч ОХУ болон Иран тэдний ард бат зогссоор байгаа...

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: BUSINESS INSIDER

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна