Чуулган: “Атрын III аян”-ыг үргэлжлүүлнэ

2017 оны 4 сарын 21

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа /үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай/, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна. Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, тогтвортой өсөлтийг бий болгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Үр тариалангийн даатгалын тухай хууль болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тариалангийн талаарх зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын дагуу “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэхээр тогтож, уг ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүдэд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн бөгөөд 4.1 мянган тонн буудайн үр дутагдаж байгааг зохицуулах арга хэмжээг авч, 2017 онд төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрсдийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортоор авах зөвшөөрөл олголоо. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил явагдаж байна.

Цаашид тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна:

  • “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд улаан буудайн үрийн шинэчлэлийн бодлого, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дунд хугацааны хөтөлбөр, “Залуу тариаланч” төслийг батлан хэрэгжүүлэх.
  • Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх.
  • Тариалангийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох.
  • Хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах.
  • Таримлын сэлгээн дэх ээлжийн тоог нэмэгдүүлэх, тэжээлийн болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх.
  • Тосны ургамлын тариалалтыг нийт тариалах талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй байх ажлыг зохион байгуулна” гэв.

Ингээд цөөнхийг төлөөлж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Засгийн газрын хаврын тариалалтын ажлын талаарх мэдээллийг сонслоо. Энэ салбарт ямар ч улс төр байх ёсгүй. Хөдөө аж ахуйг тоо биш чанартай хүнсээр хангах нь тэргүүний зорилт билээ. Хөдөө аж ахуй гол салбар болох газар тариаланг бусад салбартай хослуулан хэрэглэх шаардлагатай. Цаашид үрийн аж ахуйг төрийн бодлогоор дэмжих, зөвхөн үр тариалдаг тариалан эрхлэгчийг дэмжих, тариалангаа даатгалтай болгох зэрэг шаардлагыг Засгийн газар анхаарч үзнэ биз ээ” гэв.

Үүний дараа О.Баасанхүү гишүүн горимын санал гаргав. Тэрбээр “МАХН нийт сонгогчдын 13 хувийг авсан. Ардчилсан нам бас тодорхой хувийг авсан. Сөрөг хүчин гэж ярих юм бол Засгийн газраа байгуулаагүй хүчнийг хэлдэг байх. Тиймээс надад үг хэлэх эрх олгооч гэх гээд байгаа юм. Өмнө нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж УИХ-ыг түр даргалахдаа миний үг хэлэх эрхийг хассан. Тиймээс Ерөнхий сайдын мэдээлэл дээр надад үг хэлэх эрх олгооч. Манай Орхончууд дунд газар тариалан эрхэлдэг хүмүүс бий. Тэгэхээр асуух эрхээ хүсэж байна. Олонх цөөнхөө хүндэтгэх нь том ардчилал. Би ганцаараа байгаа юм шиг харагдаад байна. Боломж олдвол намайг үг хэлүүлэхгүй байх санаатай.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Ерөнхий сайдын мэдээллийн цагаар би хувьдаа танд үг өгч байсан. Та ямар утгаар ингээд байгаа юм. Янз бүрийн мэдээлэл хиймээр санагдаад, юу ч хамаагүй яриад микрофон ашиглаад байх юм. Та олон түмэнд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна