Чуулган: Тариалангийн салбарт аж ахуй нэгжийг нэгтгэнэ

2017 оны 4 сарын 21

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хаврын тариалалтын асуудлаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн мэдээллийн цагт зөвхөн сөрөг хүчин асуулт асуух эрхтэй юм байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлж, гишүүд асуулт асуув. Тэрбээр энэ салбарт улстөржилт хэрэггүй гэдгийг сануулаад Ардчилсан намын хийж байсан сайшаалтай ажлыг үргэлжлүүлэх ёстой гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар асуулт асуув. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч мөн асуулт асуусан юм. Тэрбээр “Атрын II аян” гэдгээ боль. “Атрын II аян”-ыг дуусгах хэрэгтэй. “Атрын II аян”-ы үеэр баахан газар сэндийчсэн. Дээр нь малын эмийн асуудал хэр шударга байдаг вэ. Мал өвчиллөө вакцинжуулна л гэнэ. Зарим гадаад хүн монгол малын мах идэхээс ч айж байна. Юу ч тарьчихсан юм билээ” гэв.

Хариулт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

-Монгол малын мах идэхээс айж байна гэж. Гадаадын өндөр шаардлага тавьж байгаа улс орнууд ийм зүйлийг ярьдаг. Гэхдээ монголд ирэхээр малын мах хамгийн амттай байна гээд идээд байдаг юм.

-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу. Тариалангийн талбай, бэлчээрийн талбайн асуудал маргаантай байдаг. Үүнийг хуульд тусгах хэрэгтэй.

Одоо том компаниуд газар тариалангийн салбарт орж байна. Гэтэл нутгийн тариалан эрхлэгчид, жижиг аж ахуй нэгж хавчигдах аюултай байдаг. Тиймээс жижиг аж ахуй нэгж, тариалан эрхлэгчдийн хэрхэн дэмжих бодлого хэрэгжүүлэх вэ?

Хариулт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Том компаниуд жижиг аж ахуй нэгжийн газрыг аваад байна гэж байна. Газар тариалангийн салбарт бол эрсдэл ихтэй. Манай 800 гаруй жижиг аж ахуй нэгж багахан хэмжээний тариалан эрхэлдэг. Дээр нь чанарын асуудал сөхөгдөж гарч ирдэг. Тэгэхээр жижиг аж ахуй нэгжүүд мань нэгдэж, чанараа ахиулах чиглэл рүү явж байгаа. Харин том компаниуд маань нутгийн иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг тал бий.

УИХ-ын гишүүн Д.Мурат:

-Манай Баян-Өлгий аймгийн малчдаас өргөдөл гомдол ирдэг. Улаанбаатараас манай аймаг хүртэл 4-5 хоног вакцин тээвэрлэдэг. Баян-Өлгий аймагт вакцин тээвэрлэхдээ замын машинд явуулчихдаг. Тээвэрлэх явцад вакцины чанар алдагддаг. Тиймээс үүнд малчид санаа зовниж байгаа юм. Хүнсний ногоогоо Хятадаас авахгүй байх боломж байдаг уу.

Хариулт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Баян-Өлгий аймагт вакцин тээвэрлэхдээ замын машинд явуулчихдаг.гэж байна. Тийм асуудал байхгүй. Био комбинатаас тусгай тээврийн машинаар тээвэрлэдэг. Хүнсний ногооны хувьд Хятадаас авахгүй байх боломж байхгүй. Гэхдээ бид өөрсдөө дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээгээ хангах зорилт тавиад байгаа.

Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөж байна.

Т.НОМИН 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна