Ван Филиппт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2017 оны 4 сарын 21

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Оч Бельгийн Вант Улсын Цог Жавхлант Ван Филиппт 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Цог Жавхлант Ван Филипп Элчин сайд О.Очийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Бельгийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Цог Жавхлант Ван Филиппийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлах урилгатайг сануулав. Цог Жавхлант Ван Филипп манай улсад айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Бельги улс эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбар Монгол Улстай хамтран ажиллаж, өөрсдийн туршлагаас хуваалцах боломжтой гэв. Түүнчлэн Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Баруун бүсийн эмчилгээ оношлогооны төвийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна