Номын хямдрал 3 хоног үргэлжилнэ

2017 оны 4 сарын 21

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Интерном” номын дэлгүүрийн бүх ном 10-80 хувь хямдарчээ. Хямдрал өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл гурван өдөр үргэлжлэх юм байна. Тус дэлгүүрийн төв салбар хүн хөдөлгөөн ихтэй, зарим үед гадаа нь хүмүүс дугаарласан байдалтай байна.

“Интерном” дэлгүүрийн маркетингийн менежер Л.Энхсайхан “Өнөөдрөөс эхэлж бүх салбараар хямдралтай худалдаа явагдаж байна. Өнөөдөр эхний өдөр учраас нэлээд ачаалалтай байх шиг байна. Маргаашаас иргэд маань гэртээ хамгийн ойрхон салбарыг сонгож үйлчлүүлбэл цаг заваа хэмнэнэ гэж бодож байна. Улс төр, философи, “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номууд 80 хувь хямдарсан байгаа. Мөн хүүхдийн болон уран зохиолын номууд илүү хямдарсан. Дэлгэрэнгүй зурагт лавлахууд буюу амьтадын амьдрал, хувцас, хүний бие гэх мэт номууд 50-60 хувь хямдарсан байна” гэлээ. Дэлхийн номын өдөрт зориулсан хямдралтай худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгохоор болжээ.

Д.Махбал “Уран зохиол болон хувь хүний хөгжлийн тухай номуудад дуртай. Өөдөө тэмүүлье, хэрхэн зураг авах вэ, бүх юмны эхлэл гэсэн номууд авч байна. Бас “Америк өгүүллэгийн цоморлог” гэсэн ном 80 хувь хямдарсан байхаар нь авчихлаа. Ер нь хангалттай сайн хямдарсан гэж бодохгүй байна. Гэхдээ номд дуртай, номыг шимтэн уншдаг хүмүүст том бэлэг болж байна”

С.Эрдэнэбат “Ах нь түүхийн ном их сонирхдог. Гоё хямдарсан байна. 68 мянган төгрөгийн үнэтэй ном 50 хувь хямдарсан байна. Хямдарсан шиг хямдарсан байна, сайхан байна. Сонирхсон номоо бүгдийг нь авчихлаа”

“Глобал удирдагч” дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан Г.Амаржаргал “Эдийн засаг, бизнес, утга уран зохиолын номууд унших дуртай. Марксын “100 жилийн ганцаардал” гэж номыг уншъя гэж боддог байсан. Өнөөдөр авч байна. Би өөрөө бизнесийн чиглэлээр сурдаг болохоор “Брэнд бүтээх 22 зарчим” номыг бас авлаа. Хайж байсан гоё, гоё номууд байна, үнийн хувьд ч боломжийн байна”

Одоогийн байдлаар /16.00 цаг/ “Интерном”-ын төв салбар хүн ихтэй, харин бусад салбарууд нь сийрэг байгаа юм байна. Хямдрал энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх тул ном сонирхогчдыг өөрт ойр байрлах “Интерном”-ын салбаруудаар үйлчлүүлэхийг ажилтнууд санууллаа.

“Интерном” дэлгүүрийн салбарууд нь “Шангри-ла”-ийн 3 давхар, “И Март” дэлгүүрийн 2 давхар, “Somang” плаза, “Peace tower”-т 10.00-20-00 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна.

Г.ТҮШИГ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна