Ази, Номхон далайн парламентчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн парламентчид чуулж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бүс нутгийн хэмжээнд тулгамдсан ижил асуудлаа хэлэлцэхээр олон хэлийнхэн Улаанбаатарт цуглараад байна.  Дэлхий даяаршиж байгаа болохоор нэг орны хэрэг явдал нөгөөд хамаагүй гэх цаг хол хоцорсныг Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцохоор ирсэн 19 орны 260 шахам төлөөлөгч нэгэн дуугаар хүлээн  зөвшөөрсөн юм. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Вьетнам, Лаос, Канад, Индонез, Малайз, Австрали, Камбож, Чили зэрэг орны төлөөлөгчид оролцож буй чуулганы нээлт өчигдөр өглөө Төрийн ордонд боллоо. Энэ нь Монгол Улсад 2003 оны есдүгээр сард болсон Ардчилсан болон ардчиллыг сэргээн тогтоосон  орнуудын бага хурлаас хойш болж буй олон улсын том арга хэмжээ юм. Бас Ази, Номхон далайн орнуудын парламентчид Монголд анх удаа чуулахаар цугларсан нь энэ.  УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы ерөнхийлөгчөөр ажиллаж, хуралдааныг УИХ-ын дэд дарга, чуулганыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Н.Энхболд даргалсан юм.

    Чуулганыг нээж Ази, Номхон да­лайн парламентын 19 дүгээр чуулганы ерөнхийлөгч, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ. Тэрбээр “Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн давшингуй, тогтвортой өсөл­­­тийг хангах нь бүхнээс чухал бөгөөд энэ нь бүс нутгийн аюулгүй, амгалан тайван нөхцөлд л хангагдах учиртай. Гагцхүү энэ үндсэн дээр хүн ардын аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн шинжтэй олон бэрхшээл, дэлхийн цаг уурын дулаарлаас үүсэлтэй гамшигт асуудлыг шийдвэрлэх бо­­ломж­­­­­той болно” гэсэн нь чуулганы төлөө­­­­­­­лөгч­­­­дийн анхаарлаа хандуулах сэдвийг багцалсан үг байлаа. Гадаа­­­дад  айлчлахаар явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээл­тийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уншин сонсгож,  Ерөнхий сайд С.Батболд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэлсэн юм. Үүний дараа Ази, Номхон далайн парламентын чуулганы хүндэт дарга Ясүхиро Накасонэгийн илгээлтийг сонсч, Сингапурын парламентын дэд дарга Маттиас Яао үг хэллээ. Ази, Номхон далайн парламентын чуулганыг Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачлагаар 1993 онд анх байгуулсан бөгөөд  анхны хуралдаанаас Токиогийн тунхаглалыг баталж байжээ. Үг хэлж, илгээлт ирүүлэгсэд бүс нутгийн хамтын ажиллагааны энэ том арга хэмжээ Монгол Улсад болж буй нь тус улсын нэр хүнд дэлхийн тавцанд өндөрт байгааг гэрчилж байна хэмээн онцлон тэмдэглэж байлаа.

    Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганы төлөөлөгчид анхны өдрийн хуралдаанаа Улс төр, аюулгүй байдлын асуудлууд гэсэн сэдэвт бүхэлд нь зориулсан юм . ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов, БНХАУ-ын БХАТИХ-ын дэд дарга хатагтай Ян Жуньчи, Австрали, Камбож, Канад, Монгол Улс, Индонезийн төлөөлөгчид уг сэдвээр үг хэлцгээв.

    Бүс нутгийн орнууд хамтын хүчээр халуун цэгийн асуудлуудаа шийдэх, хүний наймаа, терроризм, мансууруулах бодисын наймаатай хамтран тэмцэх ёстойг төлөөлөгчид онцолж байлаа. Монгол Улсын төлөөлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хоёр Солонгосын удирдлагууд хэлэлцээрийн ширээний ард суух болсон тухай баярт мэдээг авсныг тэмдэглээд Ойрхи Дорнодын орнууд шашны зөвшилцлийн аргаар сөргөөлдөөнт асуудлуудыг намжааж болохыг дурдлаа. Хүний наймаа, мансууруулах бодисын арилжаа, хэрэглээ Азийн орнуудын нутаг дэвсгэрээр дамжиж байгаад төлөөлөгчид сэтгэл зовниж буйгаа илэрхийлцгээж, улс орнууд хууль тогтоомждоо жендэрийн асуудал, терроризм, мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх заалт оруулж өгөхийн чухал болохыг тэмдэглэж байлаа.

    Дараагийн халуун сэдэв нь Солонгосын хойгийн асуудал болсон юм. Японы төлөөлөгч Такүми Шибата Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгос руу гал нээсэн, өнгөрсөн оны гуравдугаар сард БНСУ-ын усан онгоц живснээс үүдэн тус хойгт хурцадмал байдал үүссэнд харамсч буйгаа илэрхийлсэн юм. Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж, гадаад орнуудаас хүн хулгайлах зэрэг ноцтой асуудал үүсдэгт олон нийт анхаарлаа хандуулах хэрэгтэйг тэрбээр онцолж байв. БНАСАУ-ын тал Япон, БНСУ-аас хүн хулгайлдгийг ноён Такүма Шибата дурдав. Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгт сөрөг нөлөө үзүүлж, зургаан талт хэлэлцээрийг үр дүнгүй болгож мэдэхээр байгаад Японы төлөөлөгч сэтгэл түгшиж буйгаа илэрхийлж, олон улсын зүгээс БНАСАУ-д дипломат аргаар шахалт үзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдгаа илэрхийлсэн юм.

    Индонезийн төлөөлөгч Азбар Абукабар Солонгосын хойгийн асуудал бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн халуун цэг болсоор ирснийг онцоллоо. Хоёр Солонгосын харилцаа хурцадмал байдалд орж хилийн орчимд харилцан цэргийн сүрийг үзүүлсэн хээрийн сургууль хийж байгаа нь хүсүүштэй хэрэг биш хэмээн тэрбээр шүүмжлэв. Харин халуун цэгээс ирсэн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Ён Гу Ази, Номхон далайн орнуудын зүгээс хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тунхаглалын бус жинхэнэ энх тайвныг тогтоох хэрэгтэйг чуулганы индрээс уриаллаа. Хойд Солонгост нээлттэй шинэчлэл хийхэд нөлөөлөх, цөмийн зэвсэггүй болгох нь нэн чухал асуудал болохыг тэрбээр хэлж байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АСЕАН үүнд чухал нөлөөтэйг ч тэрбээр хэлсэн.

    Канадын төлөөлөгч Брайон Вилфэрт Солонгосын хойгт энх тайван тогтооход зургаан талт хэлэлцээрээс гадна өөр механизм хэрэгтэй. Үүнд БНХАУ-ын үүрэг, чармайлт нэн чухал болохыг онцоллоо. Чуулганы дундуур төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзаж хамтын ажиллагааны асуудлуудаар санал бодлоо хуваалцаж амжив. Хэдийгээр Улаанбаатарын жавартай хүйтэн агаарт халуун газраас ирсэн төлөөлөгчид зутарч буйгаа нуугаагүй ч чуулган халуун дулаан уур амьсгалд болж байгааг онцолж байлаа.
    Чуулганы үйл ажиллагаа өнөөдөр үргэлжилж бүс нутгийн эдийн засаг, худалдааны асуудлуудыг хэлэлцэх юм.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж