ОХУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

ОХУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзав

    УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцож байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

    УИХ-ын дарга уулзалтын эхэнд Москвагийн Демодедовын олон улсын нисэх онгоцны буудалд болсон террористуудын халдлагаас улмаас олон хүн амь үрэгдэж, бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсанд эмгэнэл илэрхийлээд Ази-Номхон далайн парламентын энэ удаагийн чуулганаар терорист халдлага болон улс дамнасан гэмт хэргийн асуудлыг хэлэлцэж байгаа нь дэлхий нийтээрээр энэ аймшигт, адал балмад явдалтай хийх тэмцэл, хүчин чармайлтыг нэгтгэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

    Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжиж, төрийн дээд түвшний айлчлалын давтамж хадгалагдаж байгаа нь цаашдаа хамтын ажиллагааны олон асуудлыг хамтдаа шийдэх таатай боломж, хэтийн төлөв харагдаж байгаа, түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын тэмдэглэв. Мөн Ази-Номхон далайн энэ удаагийн чуулганд ихээхэн ач холбогдол өгч, парламентын төлөөлөгчдөө тэргүүлэн оролцож санал бодлоо хуваалцаж буйд нь С.М.Мироновт талархал илэрхийлээд ОХУ-ын Төрийн Думын дарга ноён Б.В.Грызловыг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан урилга хэвээр байгааг дахин нотолж уламжилж өгөхийг хүсэв.

     Ноён С.М.Миронов өчигдөр Москвад болсон террорист халдлагын улмаас урьдчилсан байдлаар 35 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдсан аймшигт явдалд эмгэнэл илэрхийлсэн УИХ-ын дарга, Ази-Номхон далайн парламентын чуулганы төлөөлөгчдөд талархал илэрхийлээд энэ удаагийн чуулганаар террорист үйл ажиллагааны эсрэг хамтын чармайлтаа нэгтгэх асуудал хэлэлцэж байгаа нь дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой алхам болж буйг онцлов. Ази-Номхон далайн парламентчдын энэ удаагийн чуулган амжилттай болж, чуулганаас гаргах хэд хэдэн тогтоолыг санал нэгтэй батална гэдэгт итгэж буйгаа тэрбээр хэлээд Ази-Номхон далайн парламентчдын 2013 оны 21 дүгээр чуулганыг ОХУ эх орондоо зохион байгуулах саналаа Токиод болох дараагийн чуулган дээр дэвшүүлэх хүсэлтэй байгаа тул Монгол Улсын Их Хурал дэмжихийг хүсэв.

     ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын тэргүүлдэг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын парламентын Ассамблейд Монгол Улсыг ажиглагчийн статустай оролцох санал дэвшүүлж, хэрвээ энэ саналыг хүлээн авах шийд гаргавал албан ёсны урилга илгээхэд бэлэн гэдгээ хэлэв. Тус Ассамблейгаас олон чиглэлээр боловсруулж гаргадаг загвар хуулийн төслүүд нь улс орнуудын үндэсний хууль тогтоомжуудаас илүү өргөн цар хүрээтэй, давуу талтай байдгийг тэрбээр дурдлаа.

     Мөн энэ намар Эрхүү хотод зохиогдох Байгалийн эдийн засгийн уламжлалт чуулга уулзалтад өөрийн төлөөлөгчдийг тэргүүлж оролцох саналыг Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тавих гэж байгаа, түүнчлэн УИХ-ын даргын албан ёсны урилгын дагуу энэ чуулга уулзалтын өмнөхөн Монголд айлчлах бодолтой байгаагаа ноён С.М.Миронов хэллээ.

    Холбооны Зөвлөлийн даргын тавьсан саналуудыг зарчмын хувьд дэмжиж буйгаа УИХ-ын дарга хэлээд айлчлалын хугацааны хувьд бүрэн боломжтой, Ерөнхий сайд маань Таны хүсэлтийг дэмжиж Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулах байх, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын парламентын Ассамблейд ажиглагчаар оролцох хүсэлтийг Ерөнхийлөгчдөө уламжилж ярилцаад хариу мэдэгдье гэлээ. Улс орны харилцаа нь хүмүүс хоорондын харилцаан дээр суурилдаг учраас Монголын тал ОХУ-д суралцах оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг анхааралдаа авахыг УИХ-ын дарга энэ үеэр хүслээ.

     Хоёр тал энэ онд тохиох Ардын хувьсгалын 90, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100,  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90, сансрын хамтарсан нислэгийн 40 жил зэрэг түүхэн тэмдэглэлт ойд ихээхэн ач холбогдол өгч хамтран тэмдэглэхээ илэрхийлэв.

    Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Д.Загджав, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж