Шууд ардчиллын тогтолцоог хэрэгжүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Шууд ардчиллын тогтолцоог хэрэгжүүлэх боломжтой

Швейцарийн холбооны улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн парламентын Ерөнхийлөгч Ж.Жерманиетэй уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа эхэнд Монгол, Швейцарийн найрсаг харилцаа сүүлийн үед идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцолж, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагтай нийгмийн тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь дэмжиж ирсэн швейцарийн ард түмэнд монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.  

 “Манай хоёр орны үнэт зүйл нэг юм.  Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, ардчилсан орон. Монголчууд  ардчиллын 20 жилийн үйл явцдаа үнэлэлт дүгнэлт өгч байгаа энэ өдрүүдэд эцсийн шийдвэрийг Засгийн газар , парламент биш зөвхөн ард түмэн гаргадаг энэ тогтолцоотой бид илүү дэлгэрэнгүй танилцсандаа баяртай байна. Энэ удаагийн айлчлалаар бид Ааргау кантонд зочилж, Швейцарийн шууд ардчиллын тогтолцоотой танилцлаа. Шууд ардчиллын тогтолцоог хэрэгжүүлснээр танай улс бусад ардчилсан орноос нэг алхам урагшилсан орон юм. Бид Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх зорилгоор шууд ардчиллын тогтолцоог монголд хэрэгжүүлэх талаар өргөн хүрээнд судлах хүсэлтэй. Энэ хүрээнд та бүхэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэж Ерөнхийлөгч ярив.

ШХУ-ын Үндэсний Зөвлөлийн парламентын Ерөнхийлөгч Ж.Жермание Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг хангах чиглэлээр олон жил тууштай тэмцэж, амжилтад хүрч буйд нь баяр хүргээд, цаазаар авах ялаас түдгэлзсэнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.  “Монгол бол бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ орон. Бид та бүхэнтэй  ардчиллыг бэхжүүлэх талаар хүрсэн амжилт, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байна” гэж тэрээр ярив.

Хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын тавцанд бие биенээ дэмжиж ирсэн уламжлалаа бэхжүүлэх талаар санал солилцон,    Швейцарийн албан ёсны хөгжлийн тусламжийг хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, нийгмийн салбарт амжилттай хэрэгжүүлж ирсэн талаар дүгнэн ярилцлаа.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж