Онгоцны буудлын дарга нарыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Онгоцны буудлын дарга нарыг буруутгав

Москвагийн хөл хөдөлгөөн хамгийн ихтэй Домодедово онгоцны буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 35 хүнийг хөнөөж, 180 орчим хүнийг шархдуулсан явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэж мягмар гаригт мэдэгдлээ. Тэрбээр Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй байдлын албан тушаалтнуудыг огцруулж, хариуцлага тооцох ёстой гэж хэлсэн банйа.

“Би ОХУ-ын Засгийн газрыг тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцсан хүмүүст шийтгэл оноох асуудлыг авч хэлэлцэхийг зааварчилж байна. Би прокурорууд болон мөрдөн байцаах хороог эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхийг хүсч байна” хэмээн тэрбээр хэлэв. Даваа гаригийн 16:30 цагт болсон халдлагад яг хэдэн хүн өртсөн гэдгийг албан тушаалтнууд тогтоохоор ажиллаж байгаа бол Риа Новости агентлагийн хэлснээр 180 хүн шархадсан байна. Харин Онцгой байдлын яамны хэлснээр шархадсан 110 хүн эмнэлэгт байгаа аж. Медведев түүнчлэн онгоцны буудлын аюулгүй байдлын дүрэм журмыг биелүүлээгүй гэж Домодедовогийн удирдлагыг буруутгаж байгаа юм.

“Домодедовод болсон үйл явдал нь онгоцны буудалд аюулгүй байдлыг сайн хангаагүй гэдгийг харуулж байна. Ийм их хэмжээний тэсрэх бодисыг терминалд авчирсан гэдэгт итгэхэд бэрх. Домодедовогийн аюулгүйн албаныханыг шийтгэх хэрэгтэй” гэв.

Түүний зарлиг галт тэрэг болон онгоцны буудлыг хамгаалах үүрэгтэй ОХУ-ын Тээврийн цагдаагийн байгууллагад ямар өөрчлөлт оруулах нь тодорхойгүй байгаа юм. Наймдугаар сард Медведев Дотоод хэргийн яамны харьяа тус байгууллагын 12 генералыг халж байсан билээ.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж