Хат суусан улстөрчид болохоо харууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Хат суусан улстөрчид болохоо харууллаа

Ази номхон далайн парламентын чуулганы 19 дэх удаагийн уулзалтын хаалт дээр Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт парламентын гишүүд ээ,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, Ноёд оо,

Ази-Номхон далайн парламентын чуулганы 19 дэх удаагийн чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоноо гурван өдөр үргэлжилж,  амжилттай өндөрлөж байна.

Улаанбаатарын уулзалтаар бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, чуулганы ирээдүйн үйл ажиллагагаатай  холбогдсон дөрвөн том сэдвийг хамарсан 16 асуудлыг чуулганы төлөөлөгчид хэлэлцэж, санал бодлоо илэрхийллээ.

 Энэ удаа бид урьд урьдын уулзалтуудаас илүү олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь гишүүн орнууд, тэдгээрийн парламентын гишүүд чуулганы үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, ажил хэрэгчээр идэвхтэй оролцсоны  илэрхийлэл болж байна.

Уулзалтад оролцогч парламентын дарга нар, парламентын гишүүд хал үзэж, хат суусан туршлагатай, ажил хэрэгч улс төрчид болохоо хэлсэн жинтэй үг, учир холбогдол, үндэслэл бүхий санал санаачилгуудаараа харууллаа.

Парламентчид Ази-Номхон далайн бүсийн уулзалтаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүдийг ажил хэрэг болгох, үндэсний Засгийн газрууд, ард түмэн, цаашлаад олон улсын анхаарлын төвд хүргэх талаар санаачлагатай ажиллаж, үр дүнд хүргэдэг сайхан уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаас гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн үзэл санаа урьдын адил  бүс нутгийн хийгээд олон улс,  Ази-Номхон далайн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт /АПЕК/ зэрэг холбогдох бүтцийн байгууллагуудын дэмжлэгийг авна гэдэгт итгэлтэй байна.

Бүс нутгийн хийгээд олон улсын хэмжээнд хамгийн их анхаарал татаж байгаа Солонгосын хойг, Ойрхи Дорнодод энх тайвныг бэхжүүлэх талаар Та бидний тавьсан хүчин чармайлт, санал санаачилга биеллээ олж хэрэгжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ чиглэлээр манай бүс нутгийн орнууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх чадвартай гэдэгтэй бүгд санал нэгдэнэ байх аа.
Улаанбаатарын энэ удаагийн уулзалт Ази-Номхон далайн парламентын чуулганы үйл ажиллагааны шинэчлэл, зохион байгуулалтад илүүтэй анхаарал тавин хэлэлцэж, үнэтэй санал санаачилга гарснаараа онцлогтой боллоо.

Төлөөлөгчид бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чөлөөт байдлыг нь дэмжихийг  чухалчлав.  Ядуурлыг бууруулах, ажлын байрны хангамжийг сайжруулах зэрэг нийгмийн болон цаг уурын өөрчлөлттэй холбогдсон хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах арга, замын талаар нухацтай ярилцлаа.

Хатагтай Ноёд оо,

Ази-Номхон далайн парламентын энэ удаагийн уулзалт нь хэлэлцсэн асуудлуудаар та бидний байр суурийг ойртуулж, харилцан ойлголцож, өөр хоорондоо танилцаж, цаашдынхаа ажлын чиглэл, бодлого тодорхойлох сайхан боломж олгосныг уулзалтын бичиг баримт боловсруулах хорооны тайлангаас харж болно.

Бид хэлэлцсэн асуудлаар 37 тогтоолын төсөл ирүүлснийг нягтлан хэлэлцэж 17 тогтоол гаргалаа. Орон бүрийн төлөөлөгчид ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласанд бид гүнээ талархаж байна. Ази-Номхон далайн парламентын чуулганы түүхэнд “Улаанбаатарын” гэж нэрлэгдэн үлдэх энэхүү уулзалт Та бүхний зүрх сэтгэлд үлдэж, гаргасан шийдвэр ажил хэрэг болвол Монголчууд бид хэрэг зорилго бүтлээ хэмээн улам ч баярлах болно

Хөгжил дэвшлийг дагаж Ази, Номхон далайн чуулганы уулзалтаар цаашдаа ч хэлэлцэх асуудал олон байх нь мэдээж. Дараагийн уулзалтыг Япон улсын парламент зохион байгуулахаар боллоо. 20 жилийн ойтой давхцсан 20 дахь чуулган улам ч өндөр түвшинд болно гэдэгт бид итгэлтэй байна.  Дараагийн уулзалтын буухиаг Япон улсын парламентад шилжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Японы парламент, түүний төлөөлөгчдөд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Эрхэм төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Хүйтэн өвөл, алс холыг үл ажиран Монгол Улсыг зорьж, Ази-Номхон далайн парламентын ээлжит уулзалтад ирж оролцон, итгэл зүтгэл гарган ажилласан Та бүхэнд баярлалаа. Ахин уулзахын ерөөл тавьж, аян замдаа саадгүй явж харихыг хүсэж, аяны чинь дөрөөнд сүү өргөн мялаая. Анхаарал тавьсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж