Э.Бат-Үүл: Ардчилсан төрийн “хоёр нүүр”

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Ардчилсан төрийн “хоёр нүүр”

Дарангуйлагч төр нэг “нүүр”-тэй, “төмөр нүүр”-тэй. Дарангуйллын нийгэмд иргэний эрх гэж байхгүй, дарангуйлагчийн эрх л гэж бий. Өөрийгөө эрхтэй гэж эндүүрээд дарангуйлагчийн хүсэл зоргийг сөрөх гэсэн иргэнд төр “төмөр нүүр”-ээ үзүүлэх шиг болно. Тэр хүний аз таарвал цөлөгдөнө, аз дутвал алагдана.

Харин ардчилсан төр “хоёр нүүр”-тэй. Нэг нүүр нь хүний эрхийг эрхэмлэнэ. Нөгөө нүүр нь бас л “төмөр”. Ардчилсан нийгэмд иргэн эрхтэй байдаг, эрхтэй байгаад зогсохгүй олон эрхтэй байдаг. Гэхдээ эдгээр эрхээ эдлэхдээ бусдын эрхэнд халдахгүй гэх баталгаа байдаггүй. Болзошгүй халдлагыг зогсоох ёстой. Иргэний эрхийн энэ хоёр талт байдлаас ардчилсан төрийн ”хоёр нүүр”-тэй байх шаардлага урган гарч байгаа юм.

Энэ тухайд, Людвиг фон Мизэс “Бусдын амь нас, нэр төр, эрүүл мэнд, хувийн эрх чөлөө, хувийн өмчийг хүндэтгэдэггүй хүнийг шахан албадаж байгаад ч болов нийгмийн амьдралын дүрмийг сахин биелүүлдэг болгох бололцоо байх хэрэгтэй” хэмээн учирласан бол, Чезаре Беккариа “Хүмүүс эрх чөлөөнийхөө өчүүхэн хэсгийг золиослоод хариуд нь үлдсэн хэсгийг нь айх аюулгүй, тайван эдлэх боломжийг олж авсан… Нийтийн ашиг сонирхлын төлөө өргөл болгосон тэр л эрх чөлөөний хэсэг бүрээс төрийн дээд эрх мэдэл бүрэлдэхүйд засаг төрийн эрх баригчид мөнөөх ашиг сонирхлыг албан ёсоор хадгалагч, эрхлэн мэдэгч нь болсон юм. Гэтэл… бүгд л өөрийн өгсөн хувийг буцааж авах гээд зогсохгүй бусдын хувиас ч хүртчих санаатай байсан тул хүнийг тийм этгээдүүдийн халдлагаас хамгаалах… цочроогч шаардлагатай болжээ. Энэхүү цочроогч бол хууль зөрчигчид хүлээлгэдэг ял болой” гэж нотолжээ. Ардчиллын үлгэр загвар болсон улс орнуудад очоод ажиглавал ардчилсан төрийн “хоёр нүүр” бараг алхам бүрт харагдана. Хуулиар хориглогдосноос бусад  “гудамж”-аар явахад танд ямар ч саад бэрхшээл учрахгүй, өчүүхэн ч аюул таарахгүй, чөлөөтэй явж болно. Ямар ч том дарга таны замд хөндөлсөж зүрхлэхгүй, ямар ч булиа цагдаа таныг зогсоож зориглохгүй. Гэтэл, хуулиар хориглосон “гудамж”-аар орвол шууд л төрийн “төмөр нүүр”-тэй тулах болно.

Жишээ нь, Францад Ерөнхийлөгч Саркозиг эсэргүүцсэн тайван жагсаал цуглаан байнга болно. Ингэж тайван жагсаал цуглаан хийх эрхийг хуулиар баталгаажуулсан байгаад зогсохгүй төр хамгаалалтандаа авсан байдаг. Жагсаал цуглаан хийгчдийг цагдаа нар бусдын халдлагаас хамгаалан дагалдаж явна. Тайван жагсаал цуглааны үйл ажиллагааг хэн гуай нь ч, тэр байтугай Саркози ч зогсоох эрхгүй. Тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж буй иргэд рүү хэн нэгэн халдах гэвэл цагдаа шууд л бороохойдож хөөнө. Харин жагсагчид хөөрч дарвиад (ийм байдалд хүрэх нь элбэг) үймээн дэгдээж нийгмийн дэг журам бусниулах, бусдын эрх, эд хөрөнгө рүү халдаж эхэлбэл цагдаа нар хайр найргүй “шүршин” хүчээр тарааж, жагсаал цуглааныг шууд зогсооно. Түүгээр барахгүй хөндлөнгийн гэм зэмгүй хүн ардын бие болоод эд хөрөнгөнд хохирол учруулсан байвал тэр хэргийг үйлдсэн этгээдүүдэд элдэв тайлбаргүйгээр, учруулсан хохирлын хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрэг үйлдсэн этгээд олдохгүй бол жагсаал цуглааныг зохион байгуулагчдад хариуцлага хүлээлгэнэ. Хар дансанд тэмдэглэнэ. Ийнхүү иргэдийнхээ эрхийг эрхэмлэдэг төр тэр эрхээ хамгаалахын тулд “төмөр нүүр”-ээ харуулдаг.

Бас нэгэн жишээ дурдья. Америкийн Нэгдсэн Улс ардчиллын загвар болсон улс гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Энэ улсад төр засгийнхаа сэтгэлд нийцээгүй шийдвэрийг эсэргүүцэх иргэдийнхээ эрхийг Бурханаас заяасан эрх хэмээн өргөмжилдөг. Гэхдээ тэр эрхээ хэрэгжүүлэхдээ, бусдад мөн адилхан Бурханаас заяасан эрхэнд халдаж болохгүй гэж хатуу үзнэ. Ухаан нь, Ерөнхийлөгч болоод Конгрессын шийдвэрийг эсэргүүцэж тайван жагсаал цуглаан хийж болох боловч төрийн эрхийг хүчээр булаах зорилготой байж хэрхэвч болохгүй, учир нь ингэвэл ард түмний эрхэнд халдсан хэрэг болно. Засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд бөгөөд энэ эрх мэдлийг Ерөнхийлөгч, Конгресс төлөөлөн, тэдний хүсэл зоригоор сонгогдон хэрэгжүүлж байгаа хэмээн үздэг. Тэгээд төрийн эрх мэдлийг хүчээр булааж авах явдлыг ноцтой гэмт хэрэг гээд энэ хэрэгт ялын дээд хэмжээ ноогдуулах нь бий.

Тухайн үедээ, Мичиган муж улс онц хэрцгий гэмт хэргийг цаазаар авах ялгүй болгож байсан атлаа төрийн эсрэг гэмт хэргийг энэ ялнаас чөлөөлөөгүй юм.
Америкийн улстөрд нэг зарчмыг ягштал баримтлана. Та засгийн эрхийг авахыг хүсвэл сонгуульд оролцож, ард түмнээрээ шүүлгэ. Энэ эрх Америкийн бүх иргэдэд нээлттэй бөгөөд ийм байдал хадгалагдаж байгаа үед, ямарваа шалтаг заан төрийн эрх мэдлийг хүч хэрэглэн булааж авч болохгүй. Булааж авах гэвэл өршөөлгүй цээрлүүлнэ.

Уг зарчим зөвхөн Америкад төдийгүй ардчиллын загвар болсон бүх орны улстөрд хөдөлбөргүй үйлчилдэг юм. Ийм байгаагүй бол ардчилсан төр хэдийнээ устах байсан буйзаа.

Бусад ардчилсан улсуудын нэгэн адил уул нь манай ардчилсан төр бас “хоёр нүүр”-тэй. Гэхдээ, ямар үед аль “нүүр”-ээ харуулахаа мэддэггүй юм. Төрийн эрхийг хүчээр булааж авна гээд л занаад, бэлдээд байхад үхээнц царайлаад сууна. Ардчилсан төрийн эрх мэдлийг хүчээр булааж авна гэдэг бол ард түмний засаглах эрхийг хүчээр булааж авч байгаа онц ноцтой гэмт хэрэг мөн гэж манай хуулинд бас үздэг. Ийм хууль байсаар атал хөдлөхөөсөө зүрхшээнэ. Тэгсэн мөртөө тайван жагсаал цуглааныг нүд үзүүрлэнэ, боломж гарвал бяраа үзүүлчихнэ. Зүй нь тайван жагсаал цуглаан хийх иргэдийнхээ эрхийг төр хангаж, нэн тэргүүнд цагдаагийнхаа хамгаалалтад авах ёстой. Согтуу хөлчүү хүмүүсийн доромжлол, элдэв дайралтаас хамгаалах ёстой. Өөр үзэл бодолтой хүмүүсийн өдөөн хатгалгаас хамгаалах үүрэгтэй. Тайван жагсаал цуглаан руу халдсан этгээдүүдэд учруулсан хохиролтой нь тэнцэх хэмжээний хариуцлага хүлээлгэх ёстой. Тайван жагсаал цуглаан, тайван л байгаа бол хэн ч халдах эрхгүй юм л даа.

Харамсалтай нь манай төр эсрэгээр нь хийж, Үндсэн хуулиа зөрчсөн нь багагүй.
Одоо, ардчилсан төрийн хоёр талт чиг үүргийн утга учрыг ойлгох цаг нь болсон!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж