Н.Энхбаяр: Шударга ёсны хувьсгал

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Шударга ёсны хувьсгал

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын МАХН-ын Онц их хурал дээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Хуучин улс төр, Хуучин намыг

Шинэ улс төр, Шинэ намаар солихуй ба

Шударга ёсны хувьсгал

Энэ саруул танхимд хүрэлцэн ирсэн хүн болгоны энэ өдрийн амар амгаланг айлтгаж халуун дотноор мэндчилж байна. Энд та бид МАХН-ын түр штабын урилгаар,  үнэн хэрэг дээрээ  хамгийн гол нь сэтгэлийнхээ дуудлагаар МАХН-ын Онц их хуралд оролцохоор  хүрэлцэн ирсэн. Та биднийг энд хуран цуглараасай, нийгэмд тулгамдсан асуудлуудыг олон талаас нь ярьж хэлэлцээсэй, шударга ёсыг тогтоох үйл явцыг зарим талаар эхлүүлээсэй, зарим талаар эрчимжүүлээсэй гэж олон түмэн хүсэн  харан  сууж байгаа.

Харин цөөн тооны хүмүүс та бид нарыг битгий цуглаасай, хурц асуудлуудыг битгий хөндөж яриасай, өнөөгийн төр, засгийн үнэн дүр төрхийг битгий илчлээсэй  гэж хүсэж байгаа, хүсээд зогсохгүй эрх мэдлээ ашиглан элдвийн саад бэрхшээл учруулж,заримыг нь  айлган сүрдүүлэх гэж хүртэл оролдож байгаа. Та бид энд цугларсан нь бид ард түмнийхээ талд байгаа, та биднийг ашиглан эрх мэдлийг гартаа атгаж, түүндээ “омогшсон” цөөн тооны албан тушаалтнуудын алдаа дутагдлыг илчилж, түүнийг “шударга ёсны хувьсгал” хийж арилган цэвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагийн нотолгоо юм. Эрх мэдэлдээ халуурч “омогших”, ядарч зүдэрсэн ард түмнээ өмөөрч “омогших” хоёр хоорондоо тэнгэр, газар  шиг  ялгаатай

Тийм учраас энэ саруул танхимыг хол, ойроос зорьж ирсэн, энд урилга хүлээн аваад хүндэтгэн ирсэн бүх хүмүүст, бүх зоригтнуудад хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Энэ саруул танхим  энэ хурлын хоёр өдөр зоригтнуудын танхим, монголын ард түмний танхим байх болно  Энд цугласан төлөөлөгчид, хүрэлцэн ирсэн зочид ухамсар, ёс суртахууны хувьд улс орныхоо хүнд хэцүү байдлыг эх орончдын байр сууринаас ярьж, ийм байдлаас гарахын тулд  хэн юу юу хийх ёстойг хэнээр ч заалгалгүй, хэнээс ч айлгүй шийдэх зөв шийдлийг олохын тулд нээлттэй хэлэлцүүлэг явуулж, бусдад нэг ёсны үлгэр дууриалал болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Үлгэр дууриалал. Эр зориг. Идэвхтэй байр суурь. Энэ чанар хүнд, ард түмэнд зайлшгүй хэрэгтэй.Та бид үлгэр дууриалал аваагүй бол, өөрсдөө болохыг хүсээгүй бол эр зориг бидэнд байгаагүй бол, идэвхтэй байр суурь баримтлах ёстой гэсэн итгэл байгаагүй бол  та бид энд цуглахгүй байсан. Бид нарт энэ бүх чанар байгаа учраас бид цуглаж байгаа юм.Энэ бол монгол хүн болгонд байгаа, байх ёстой чанар учраас биднийг монголын ард түмэн найдаж  итэж харж байгаа юм. Ийм эр зориг, идэвхтэй байр суурь, үлгэр дууриалал хэмээх чанар байсан учир тэртээ 100 жилийн өмнө буюу 1911 онд эх орончид Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тогтооох ээдрээтэй үйл явцыг эхлүүлсэн юм.

Энэ жил та бид 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэх ёстой. Та бидний хурал энэ ойн жил болж байгаа нь их учиртай гэж бодож байна. Энэ их хурал тэр хувьсгалын үйл явцын үргэлжлэл  ч гэж хэлж болох юм. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл нь 1921 оны Ардын хувьсгал, 1945 оны бүх нийтийн санал асуулга, 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэн үйл явц, Их бүтээн байгуулалтын ажил, 1990 оны ардчилсан хувьсгал  бүгд мөн.

Эдгээр үйл явц гадаадын улс орнуудын учруулж байсан аюул заналыг арилгах (Манж-Хятад), манай дотоод хэрэгт шууд хутгалдаж байсан оролцоог хязгаарлах (ЗХУ) гэсэн хүсэл эрмэлзэл зэрэг тухайн тухайн үедээ өөр өөр зорилготой, утга агуулгатай үйл явдлууд байсан мэт харагдах боловч улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлэх, үндэсний эрх ашгаа мэддэг, хамгаалдаг болох эрхээ олж авах нэг л зорилгыг  дотроо агуулж байсан үйл явц юм.
Энэ их үйл явцын дунд монголын төрийн дүр төрх өөдлөх, уруудах замыг туулан сэргэн бүрэлдэж ирсэн:

1911 оны Богд хааны толгойлсон төр засаг. Төр, шашиныг хослон барих ёсыг баримталж байсан. Манж-Хятадын нөлөө хүчтэй байсан цаг үед оршин тогтнож  байсан. Тусгаар тогтнолыг сэргээхийг зорьсон төр Дэлхийн 1-р дайны жилүүдэд оршин тогтнож байсан төр

1921 оны Сүхбаатар, Чойбалсан нарын сэргээн тогтоосон төр, засаг. Панмонголизм буюу нармай Монголын үзэл дэлгэрч байсан үе. Капиталист бус хөгжлийн замыг сонгосон төр засаг. Зөвлөлт Оросын нөлөө нэмэгдэж эхэлсэн түүхэн үе. Улс орноо хоёр хөршдөө зөвшөөрүүлэх зорилгыг биелүүлж чадсан төр. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн он жилүүд ч бас энэ төрд багтана Дэлхийн 2-р дайн тойрч өнгөрөөгүй, дайрч өнгөрсөн он жилүүдийг ч туулсан төр.
Цэдэнбал, Батмөнх нарын толгойлж байсан төр, засаг. Социалист хөгжлийн замыг сонгосон он жилүүд. ЗХУ-ын шууд оролцоо эрс нэмэгдсэн  үе. Улс орноо дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх зорилтыг биелүүлсэн он жилүүд. Хүйтэн дайн ид өрнөж байсан цаг үе.Ямар ч байсан Монгол улсынхаа тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан төр.

Үе үеийн төрийн тухай олон, олон боть ном бичиж болох боловч  товчхон зангидаж хэлвэл,эдгээр төр засаг оршин тогтнож байхдаа  амжилтыг ч бүтээж чадсан алдааг ч бас хийж байсан, Алдаа, оноо хосолсон, Дэлхийн 1, 2-р дайнууд, Хүйтэн дайн ноёрхсон хүнд хэцүү үеийг туулж өнгөрүүлсэн төр
Дайны он жилүүдэд аль нэг талд нь орохоос өөр аргагүй байдгыг та бид сайн мэднэ

Тийм ч учраас тухайн тухайн үеийн төр засгууд маань аль нэгэн талд орж наанаа нэг талын хань хамсаатан болж байгаа мэт харагдаж байсан боловч цаанаа Монгол улсынхаа тусгаар тогтнолыг сэргээе, монгол улсын эрх ашгийг бий болгоё, түүнийхээ төлөө тэмцэе гэсэн чин эрмэлзэлтэй , чадвартай болж чадсан. Гол дутагдал нь гол гол асуудлыг толгой дааж шийдэх бололцоо байгаагүй. Заавал гадаад орны ил тулгалтын дагуу шийдэж байсан.

Гол ололт нь Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолоо сэргээх, хоёр хөршдөө, улмаар дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлэх зорилгыг биелүүлсэнд оршиж байв.

Гаднаа бусдын шахалтаар, дотроо үндэсний эрх ашигтаа нийцүүлж ажиллахыг хичээж байсан он жилүүд. Тийм ч учир тухайн үеийн төр засаг 1990 оны өөрчлөлтийг үндэсний эрх ашигт нийцүүлж болох үйл явц хэмээн үзэж, жадлан эсэргүүцэх биш, харин тосон хүлээн авсан.

Тухайн үед Монгол Улс ЗХУ-ын шууд нөлөөнд байсан нь ч ардчилсан хувьсгал хэмээн нэрлэгдэх үйл явцыг хүлээн авч өрнүүлэхэд тус дөхөм болсон нь тодорхой. Ардчилсан өөрчлөлтийн үйл явц тэр үеийн ЗХУ, Зүүн Европын орнуудаас Монголын тал нутагт асар хүчтэй хуй салхи мэт орж ирсэн. Хэн ч түүнийг зогсоож чадаагүй, зогсоохыг хүсээ ч үгүй.

Эдгээр хувьсгалын шинжтэй өөрчлөлтүүдийг МАХН ихэнх тохиолдолд дангаараа, зарим тохиолдолд бусад намууд, тухайлбал АН-тай хамтран хийсэн.

Дашрамд нэгэн тодотгол хэлье: МАХН хэзээ ч коммунист нам байгаагүй. Түүхийн нэгэн үед МАХН-д коммунист хэмээх тодотголтой нэр өгч, үзэл баримтлалыг нь ч коммунист үзэл баримтлал болгох санал гарахад тэр үеийн удирдлага, тодруулбал Цэдэнбал дарга татгалзсан байдаг. Энэ татгалзсан байр суурийн цаана ямар нэгэн үзэл баримтлалаас илүү үндэсний эрх ашиг байсан нь тодорхой.

Ардчилсан өөрчлөлтийг нийт монголчууд тосон угтсан. Одоо сэтгэлийн хөөрөл алга болсон, юу болж, юу болохгүй байгааг бодитойгоор харах шаардлага буй болсон. Хамгийн гол нь та бидний одоогоос яг 100 жилийн өмнө эхэлсэн улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлэх, үндэсний эрх ашгаа дээдлэн хамгаалах үйл явц өрнөн бэхжиж байна уу, эсхүл сулран бөхөж байна уу гэдэгт нухацтай хариу өгөх хэрэгтэй байна. Сүүлийн хорин жилийн шилжилтийн он жилүүдэдэ гаднах буюу хэлбэрийн өөрчлөлтүүд бодитой болсон. Үүнд:

-Олон намын тогтолцоо бүрдсэн

-Сонгууль явуулдаг болсон

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тунхагласан
-Иргэний нийгэм бий болсон

-Байнгын ажиллагаатай парламенттай болсон

-Хувийн өмч буй болсон

-Зах зээлийн эдийн засгийн харилцаа нэвтэрсэн
-Идэвхтэй гадаад харилцаа, “гуравдах” хөршийн бодлого хэрэгжиж эхэлсэн.
Хэдийгээр гаднах буюу хэлбэрийн өөрчлөлт ч гэсэн энэ бүхэн нь зохих ёсны амжилт гэж үзвэл улс төрийн бүх намууд гавъяаг нь хуваалцах ёстой.
 Гэхдээ нөгөө талаар агуулгын буюу чанарын өөрчлөлт бага гарлаа гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Үүнд:

-Боловсролын түвшин, чанар муудсан

-Эрүүл мэндийн үйлчилгээ муудсан

-Хээл хахууль, авлига нэмэгдсэн

-Ядуурал нэмэгдсэн

-Ажилгүйдэл нэмэгдсэн

-Хүн хоорондын, тухайлбал нийгмийн, гэр бүлийн харилцаа хямралт байдалд орсон. Гудамжны гэгдэх хүүхдүүд олон арав, зуу буй болсон нь энэ бүхний хамгийн тод илрэл. Гудамжны хүүхдүүтэй байгаа цагт өөрөөр юу ч гэж тайлбарлаад өнөөгийн хямралт байдлыг зөвтгөх боломж бололцоо байхгүй гэж шуудхан хэлж болно.

-Үндэсний эрх ашгаа мэдэх, ойлгох байдал илт суларсан.
Эдгээр алдаа дутагдал гарсанд гавъяаг нь эдэлж буй хүн ч, нам ч буруутай.

Дашрамд хэлэхэд хүн, нам хэн ч бай гавъяа эдлэх дуртай, алдаагаа хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь цаашаа алдаагаа засах, дахин алдаа гаргахгүй байхын нэг ёсны баталгаа гэаж үзэх хэрэгтэй. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг алдаагаа олж харахгүй байна гэсэн үг, эсхүл олж харсан ч түүнийг засахын тулд хуруу ч хөдөлгөхгүй гэсэн байр суурь. Энд өнгөрсөн түүхийн гавъяаг ярьж нэг нэгэндээ цаас өмсгөх гэсэн хүмүүс биш, харин алдааг ярьж засая гэсэн, алдагдсан шудрага ёсыг тогтооё гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс цугларсан байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм байр суурь баримталсан хүмүүс байгаа цагт хөгжил дэвшил байна.

Гэхдээ энд нэг, хоёр хүнийг шүүмжлээд зөв дүгнэлт хийх боломжгүй нь ойлгомжтой тул сөрөг үзэгдлийг бүхэлд нь шүүмжилж, алдааг илрүүлж засахыг оролдох хэрэгтэй.

Хэлбэрийн өнгөц өөрчлөлтүүд агуулга буюу чанарын гүнзгий өөрчлөлтүүд болж хувираагүй учир шилжилтийн хэмээх хямралт байдал удаан үргэлжилж байна. Ийм учир өнөөгийн тогтсон нөхцөл байдлыг хамгийн товчоор тодорхойлвол ардчилал нэртэй дарангуйлал буюу “Ардчилангуйлал” гэж томъёолж болно.
Өнөөгийн төр засаг “Ардчилангуйлал”-ын төр засаг гэж хэлж болно.

“Ардчилангуйлал” бол наанаа ардчилсан арга хэлбэрийг ашиглаж байгаа мэт харагддаг ч цаанаа тэр арга хэлбэрийг мушгин гуйвуулах, луйвардах маягаар цөөн хүний эрх ашигт нийцүүлэн овжин ашиглаж, тэдний гарт эрх мэдлийг төвлөрүүлж, тэд эрх мэдлээ зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хараа хяналтгүй эдлэхийн нэр юм. Өнөөдөр “Ардчилагуйлал”-ыг сайн ойлгож устган арилгахын тулд улс төрийн тухай цөөн хэдэн үг хэлэх хэрэгтэй. Улс төр бол:

А. Улс орноо хамгийн зөв аргаар удирдах урлаг

Б. Засгийн эрхийг ямар ч хамаагүй үнэ цэнээр авах, эрх мэдлийг төвлөрүүлж, ашиглахад чиглэгдсэн үйл ажиллагаа

В. Орлогын хувиарлалтыг удирдах онцгой эрх.

Үндэсний эрх ашгаа дээдэлдэг, шудрага төр улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа эхний зарчмыг баримтална. Харин “Ардчилангуйлал”-ын тогтолцоо, түүний үйл ажиллагаа дараагийнх нь хоёр тодорхойлолтонд нийцнэ.

2. Өнөөгийн улс төрийн үйл ажиллагаа нь засгийн эрхийг ямар ч хамаагүй үнэ цэнээр олж авахад чиглэгдэж байна. Үүнд:

А. Сонгуулиудыг санаатайгаар будилуулж, засгийн эрхийг ямар ч хамаагүй үнээр авна гэсэн зорилгыг нам нам дамжсан цөөн тооны улс төр-бизнесийн бүлэглэлүүд тавьж, түүндээ хүрэхийн тулд олон түмнийг хууран мэхлэх арга ашиглаж байна. Жирийн гишүүд, дэмжигчид, сонгогчид саналаа итгэл үнэмшлээрээ шударга өгөх нөхцлийг санаатайгаар эвдсэн. Үүнд:

-Намууд хөрөнгө мөнгө босгохдоо улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн барьцаанд орсон.

-Сонгогчдын саналыг худалдаж авах ажиллагаа явуулсан.

-Намууд үл биелэх хоосон амлалтуудыг өгч сонгогчдыг хууран мэхэлсэн.

-Сонгуулийн байгууллагууд сонгуулийг шударга явуулахыг зохицуулах чадваргүй, мөн хүсэлгүй байсан.

-Намууд сонгуулийн байгууллагын шат шатны байгууллагад шургуулсан хүмүүсээрээ дамжуулан сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилуулсан, сонгогчдын нэлээд хэсгийг санал хураалтанд оруулаагүй, нэрсийг нь ашигласан.
-Санал хураалтын дүнг худал гаргаж, баталгаажуулсан.

Б. Эрх мэдлийг төвлөрүүлэх, түүнтэй үхэн хатан зууралдах үйл ажиллагаа. Үүнд:

-Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж, хамтарсан Засгийн газар хэмээх хяналтгүй, хариуцлагагүй бүтэц буй болгож, эрх мэдлийг цөөн хүний гарт хууль бусаар төвлөрүүлсэн.

-Наанаа МАН, АН хэмээх хоёр өөр нэртэй юм шиг боловч цаанаа “МАНАН” хэмээх нэг бүтэц болсон “нам” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг, хамгийн харамсалтай нь алдааг нь, алдаатай үйл ажиллагааг нь нэгэн дуугаар дэмждэг болсон. Намуудын удирдах байгууллагуудын даалгавраар УИХ дахь намын бүлгүүд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг хянах бус, аялдан дагах байр суурь баримталдаг болсон.

-Улмаар ард түмний ашиг сонирхлоос хол хөндий, нэг талаас түүнийг басамжилсан, нөгөө талаас түүнээс айж эмээсэн ардчилангуйлалын тогтолцоо бүрдэж, эрх мэдлийг хэт төвлөрүүлэх үйл явц эрчимжсэн.

-Далдуур тохиролцож, сонгуулийн амлалтаас буцсан.

-7-р сарын 1-ний үйл явдлыг хариуцлагатай шалгаж буруутангуудыг олж тогтоохоос зайлсхийсэн.

-УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүмүүс, хөдөлгөөн, байгууллагуудын үйл ажиллагааг хянах, яллах, шийтгэх оролдлого хийгдэж эхэлсэн, олон түмний эрхийг хасч, өөрсдийн дарангуйллыэн эрхийг нэмэгдүүлсэн хууль санаачлан батлуулж эхэлсэн.

 -Хээл хахууль, авлига, хариуцлагагүй байдал, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт зэрэг сөрөг үзэгдлүүдээс үүдэн гарсан олон түмний бухимдлыг хиймэл “дайсан”-ыг бий болгож, түүн рүү бүх бурууг чихэн чиглүүлж, өөрсдөө араар нь сугаран үлдэх гэж оролддог болсон.

-Хөрөнгө мөнгө, албан тушаалаар барьцаалж, эсхүл хөрөнгө мөнгө, албан тушаал амлах аргаар цөөн тооны хүний гарт эрх мэдэл төвлөрсөн өнөөгийн “статус кво”-г хамгаалах “хана хэрэм” босгосон.

В. Эрх мэдлийг цөөн хүний эрх ашигт нийцүүлэн ашиглахад чиглэгдэж байна.

-Төр, засгийн эрх баригчдын үйл ажиллагаа нам нам дамжсан, улс төр-бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн дарангуйллын шинж чанартай болсон.

-Оюу толгойн гэрээг улс орон, ард түмний эрх ашигт хохиролтойгоор байгуулсан гэдэг нь нэгэнт тодорхой боллоо.Одоо яаралтай засах хэрэгтэй. Үүнийг бүгдээрээ энэ их хурлаасаа нийлж дуу хоолойгоо өргөн шаардах хэрэгтэй гэж үзэж байна

-Таван толгойн гэрээг нийт ард түмний өмч болгож хуульчлан баталгаажуулахын оронд цөөн тооны хүний хэт баяжих үйл явцыг баталгаажуулах  бодлого,баримт бичиг болгосон.

3. Ардчилангуйлал дарангуйлалаас дутуугүй, бүр илүү аюултай гэж хэлж болно. Дарангуйлалыг таньж мэдэхэд ч, түүнтэй тэмцэхэд ч илүү хялбар. Харин гаднаа ардчилсан аргаар ажиллаж байгаа мэт харагддаг тул ардчилангуйлалыг таньж мэдэхэд хэцүү, түүнтэй тэмцэхэд ч хэцүү.

-Ардчилангуйлал бол байнгын хямралт байдал.

-Ардчилангуйлал бүх бололцоог хааж, шудрага ёсыг бохир мөнгө, албан тушаалаар сольсон байдал, нэг ёсны урвуу шудрага ёс.

-Ардчилангуйлал бол үндэсний эрх ашгаа үл мэддэг, бусдын эрх ашигт өөрөө ухааралгүй үйлчилдэг болсон буруу тогтолцоо.

 -Ардчилангуйлал бол ард түмнийхээ бус, харин гадаадынхны үнэлгээгээр өөрсдийгөө дүгнэдэг улс төр-бизнесийн бүлэглэлийн ноёрхол.

-Ардчилангуйлал бол тухайн орны төр засаг өөрийн ард түмэн, улс орон, ард түмэндээ гадаад орны төр, засгаас илүү аюул занал учруулж буй хямралт байдал.

-Ардчилангуйлал бол    тулгамдсан асуудлыг шийдэхийг хүсэхгүй, бас чадахгүй, харин улам ужигруулан удаадаг буруу тогтолцоо.   

-Ардчилангуйлалыг улс төр-бизнесийн бүлэглэлийн эрхшээлд орсон намууд хоорондоо хуйвалдаж бэхжүүлнэ. Өнөөдрийнхөөр бол МАН-АН.

-Ардчилангуйлалаас огцом өөрчлөлт буюу хувьсгалт өөрчлөлт хийж баймааж л салж чадна.

Хувьсгал ба ардчилал:

Хувьсгал гэдэг нь заавал хүчирхийлэл гэсэн үг биш, харин огцом өөрчлөлт, санаандгүй өөрчлөлт гэж хэлж болно.

1.    Хувьсгал гарахад гаргагсад биш, харин засгийн эрхийг ард түмнийхээ эрх ашгийн эсрэг ашиглагсад буруутай байдаг.

2.    Хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй учир өнөөдөр монгол улсад энэ бүх хувьсгал өөрчлөлтийг хийж ирсэн МАХН хэрэгтэй байна.  Өнөөдрийн хувьсгалт өөрчлөлтийн нэр нь “Шударга ёсны хувьсгал” байх ёстой.

3.    Хувьсгалт өөрчлөлт хийж, ардчилангуйлалаас салахыг хүсэхгүй байгаа этгээдүүд МАХН-ын нэрээс “хувьсгалт” гэсэн үгийг хассан.

4.    МАХН-ын нэрийн цаана Монгол Улсын тусгаар тогтнолын түүх, хөгжил дэвшил, алдаа оноо аль аль нь бий. Та бидний амьдрал, Монгол Улс, монголын ард түмний үндэсний эрх ашиг бий. Алдаагаа засая гэсэн сэтгэл, зүтгэл бий.

5.    “Шударга ёсны хувьсгал”-ыг хийж ардчилангуйлалыг халж Монгол орондоо монгол хүн эзэн болж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд МАХН-аа сэргээе, шинэчлэн байгуулая.

6.    “Шударга ёсны хувьсгал” шинэ төрийг, шинэ намыг, шинэ хүнийг төрүүлнэ.
Ардчилангуйлал уу, шудрага ёсны хувьсгал уу гэдгийг сонгох цаг иржээ.
Энд байгаа хүмүүсийн цаана шудрага ёсыг хүссэн түм түм, бум буман хүний итгэл, найдвар байгаа гэдгийг та бид хэзээ ч мартаж болохгүй .Та бид сайн ажиллавал шударга ёсны хувьсгал түргэн  үр дүнд хүрэх болно .Итгэл найдварын давалгаа,шударга ёсны хувьсгалын давалгааг хэн ч зогсоож дийлэхгүй

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж