Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Эсийн хуваагдал

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын улс төрийн хамгийн ууган хүчин хуучин нэрээ эргүүлж авсан биш, эсийн хуваагдалд орлоо. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр хуралдсан МАХН-МАН-ын ХХYI их хурал улс төрийн том нам клонийн аргаар хувилагдахын эхийг тавьсан юм. Мэдээж өндгөн эс нь нэг болохоор МАН, МАХН гэдэг шинэ хуучин нэрээрээ л ялгарна уу гэхээс биш нэг нь нөгөөгийнхөө толины тусгал, хуулбар гэдэг нь ойлгомжтой. Ардчилсан хувьсгал өрнөөд ч задалж чадаагүй байсан МАХН-ыг 2010 оны наймдугаар сарын сүүлээр удирдлагынх нь зүгээс гаргасан Тэрэлжийн тунхаглалаар эсийн аргаар хуваах эхлэлийг нь тавьсан юм.

    “Намын нэр шинэчлэхээс болоод хагарч бутрах юм биш биз” гэсэн яриа хөөрөө дуулдаж байсан ч сэтгэлийн хөөрөлд автсан дарга нар нь чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд л их хурлаа зарлачихсан. Хувьсгалт нам Ардын нам болж, хуучин гишүүд шинэ батлах өвөрлөхтэй зэрэгцээд бат цулаар 90 шахам жил оршин байсан ууган нам клонийн аргаар хуваагдаж орхисон. Нэг тугийн дор алхаж, ардчилагчдын эсрэг дуу хоолой өргөж явсан журмын нөхдийн нэг хэсэг Сүхийн талбай дээр ханцуйдаа улаан даавуу уян “Х” үсэгтэй үлдсэн нөгөө ихрийнхээ эсрэг уухайлан хөдлөхүйд нөгөөдүүл нь ч улаан сарнай энгэртээ хатган “Х”-гүй нөхдөө шүүмжлэн Онц их хурлаа хуралдууллаа.

    МАН, МАХН-ын аль алийн туганд улаан сарнай бий. Уухайлаад давшихаараа хэн хэн нь улаан өнгөнд дуртай. Өмнөх 89 жилд нэг ижил улаан тугийн дор алхаж явсан яах аргагүй нэг эсийн ихэр намын журмын нөхөд хоёрхон сарын дотор нуруу нуруугаа харуулалцан өөд өөдөөсөө тургитлаа муудалцав. МАН-ын хувьд МАХН-ынхан албан тушаал горилогчид, хоосон хоцорсондоо тунирхагчид, хий хоосон мөрөөдөгчид бол МАХН-ын хувьд МАН-чууд төр, засгийн хамаг эрхийг хумьж атгасан луйварчид, хүний үнэргүй олигархиуд, сонгуулийн амлалтаасаа бултагчид, хэмжээ хэргүй идэн уугч, авлига, хээл хахуулийн тулам, ашигт малтмал, эд баялгаа гадаадынханд соруулагчид болж таарав. Бүхэл бүтэн 89 жил нэг тогоонд буцлаагүй юм шиг аягийг сүүлийн хэд хоногт бүр ч илүү гаргаж байна.

    Бүр МАХН гэдэг товчлолтой нэр бүрийг гүйцээж Улсын бүртгэлд оруулах гэж МАН-ынхан зүдэрцгээснийг яана. Нэг хүн улс төрийн нэг л намд харьяалалтай байх хууль ном бүр өнгөрөөд тав, зургаан намтай залучуудын дарга хүртэл гараад ирснийг ерөнхий нарийн бичгийн дарга нь “овсгоо” хэмэн өхөөрдөж сууна.
    МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хэлснээр Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооныхон хөхөө өвлийн жавраар жагсч цугласан ч МАХН-ын түр штабынхан Онц их хурлаа зарлан хуралдаанаа эхлүүлээд байна. Монголын улс төр нэг л биш болж, өмнө нь нийтээрээ дарангуйллын эсрэг тэмцэж жагсч ардчилал тогтоож байсан бол өдгөө нэг нам хоёр тасарчихаад бие биеийнхээ мууг дуудан бөмбөр нүдэж явдаг болжээ. Намаа шүүмжилсэн гишүүдээ намнана ч гэх шиг, гучаад он сэргээд ирэв  гэлтэй.

    МАН гэдэг нэр, Хичээн эрмэлзэх зүйл хэмээх мөрийн хөтөлбөр 90 жилийн түүхтэй намыг ингээд хагалчих юм гэж хэдэн жилийн өмнө бол хэн ч санаагүй. Хэд хоногийн өмнө МАН-ын залуучууд МАХН-ын эсрэг жагсч, Төрийн орлны өмнө баахан цаас дэвсэлж сүрийг үзүүлсэн бол одоо МАХН-ынхан  МАН-д үлдэгсдээ аль муугаар нь дуудан “АСА” циркийн байрыг доргиож байна. “Ардчилалгүйдэл”-ийг Монголд таригчид, аль муу болгоныг сэдэгчид, төрийн толгойд байх ёсгүй луйварчид хэмээн 820 гаруй төлөөлөгч улаан сарнайгаар даллан нөгөө ихрээ доош хийж байна.

    Онц их хурлын төлөөлөгчдийн дунд ардчилагчид явсан Ч.Энхээ, Д.Нинж, Л.Цог, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Б.Болд нарын олны танил хүмүүс харагдав. Жагсч тэмцэж сурсан тэд удахгүй МАН-ын эсрэг хөдөлгөөнийг манлайлж зураг, цаас дэвсэлж ч мэднэ. МАН-ынхны хуучруулж хаясан Монголыг шинэчилнэ. Шинэ төр, шинэ нам, шинэ хүнийг хүмүүжүүлнэ хэмээн МАХН-ынхан Онц их хурлаараа уриаллаа. Үг хэлсэн төлөөлөгч бүр ямар муухай хүмүүстэй нэг намд багтаж явснаа гайхан шогшров.

    Эсийн хуваагдлаар мэндэлсэн намуудын удирдлагад эцсийн эцэст нэг л бодол бий. Жилийн дараа болох УИХ-ын сонгуулиар ихэр нь ихрийнхээ эсрэг өрсөлдөнө. Улаан сарнай энгэрийн зүүлттэнгүүд давах уу, улаан даавуу ханцуйдаа зүүгсэд дийлэх үү гэдгээ үзнэ. Тэр цагт МАХН гэдэг 89 жил болсон нэр эрдэнэ үү, аль эрт Коминтерний заавраар мулталж орхиод сая эргүүлж тэргүүндээ залсан МАН гэдэг нэр нүд чихэнд дасал болж амжих уу гэдэг дээр л эсийн ихрүүдийн “эцэг”-үүд түгшиж сууна. Тэрнээс биш хэлж ярьж байгаагаас нь харвал эсийн хуваагдлаар төрсөн хоёр хүчин адилдаа адил л харагдаж байна. Аргагүй нэг л онол номоор бойжиж, нэг эсээс хуваагдсан юм хойно арга барил нь ч ижил.

             Д.ОЮУНЦЭЦЭГ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж