Э.Бат-Үүлийн ам руу алгадчих юмсан

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн ам руу алгадчих юмсан

Үүл баатрыг ховсдчихож. Үүлийн амаар хүсээгүй, бүр хэзээ ч хэлэхгүй гэсэн үгсийг нь  хэлүүлээд байх шиг. Тэрхүү ховс УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээр  УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлуулаад, бүр чуулганы нэгдсэн хуралдаанаар дэм­жүүлчихсэн гээд бод доо. Уг хуулийн төслийн гол агуулга нь  УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд харшлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг гол мөрдлөг болгосон. Зорилго нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, олон нийтийг хооронд нь дайсагналцуулах үг хэлэх, өдөөн турхирах, хүч хэрэглэхийг уриалах нь нийгмийг тогтворгүй байдалд хүргэх тул түүнээс сэргийлж энэхүү төслийг боловсруулсан гэнэ.

Тэрбээр энэ хуулийн төслийг “бодож олохдоо” 20 жилийн өмнө хэн байснаа мартсан бололтой.  Өнөөдөр Э.Бат-Үүл гэдэг нэрийг сонсмогц “ардчилал” гэдэг үг хамтдаа тархинд буудаг. Ёстой нөгөө “Ленин гэж хэлээд намаа бид дурсдаг” хэмээх социализмын үеийн шүлэгт гардаг шиг. Ардчиллын туг төдийгүй илд бамбай нь болж явсан тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 2-нд Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаанд манлайлан дуудаж, өлсгөлөн зарласаар Улс төрийн товчоог огцруулж байснаа  мартлаа гэж үү. Трактортой жагсаалаараа талбайг эзэгнэж, баривчлагдаж, хоригдож явсан эрх чөлөөний төлөө мятаршгүй тэмцэгч Э.Бат-Үүлийг үл гүйцэлдэх ардчиллын өмнө ийнхүү өвдөг сөхөрнө гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Хэрэв түүнийг чуулганы танхимд “дарангуйлагч” хуулийн төслөө тайлбарлан суугааг нь нүдээр харж, чихээр сонсоогүй бол “Битгий худал хэл” гэхсэн. Гэвч үнэн юмыг яая гэхэв. Э.Бат-Үүлийн ам руу алгадчих юмсан.

Ардчиллын буурал үст ийнхүү үзэл санаандаа эргэлт хийж байхад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао “Ард иргэд Засгийн газраа шүүмжлэх нь зүйтэй” гэжээ. Тэрбээр БНХАУ байгуулагдсанаас хойш өргөдөл гомдол гаргасан жирийн иргэдтэй уулзсан анхны Ерөнхий сайд нь болсон бөгөөд Хятадын төв телевизээр ингэж хэлсэн нь анхаарал татсан юм. Хагас зуун жил хатуу чанд дэглэмтэй коммунист намтай байгаа энэ улсад ийнхүү ардчиллын хөх салхи сэвэлзэх нь тодорхой болов.  Алдарт Тянь ан Миний талбайг цусаар будаж байсан улс асуудалд ингэж хандаж байхад Монголын ардчиллын туг болсон Э.Бат-Үүл коммунизмын улаан галыг санагалзсан яриа хөврүүлэх болсон нь гутамшигтай байна.  Хэрвээ  хойд хөршийн дарга нарын хэн нэг нь Э.Бат-Үүл шиг юм ярьж эхэлсэн бол  өөр хэрэг. Тухайлбал, В.Путин Ерөнхийлөгч байхдаа  2002 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төрд нэг л цохидог муна бий. Гэхдээ тархин дундуур” хэмээсэн байдаг. Мөн “Хэн биднийг гомдооно, тэдэнд гурав хоног ч ихэднэ” гэхчлэн хатуу мэдэгдлүүдээс нь дарангуйлал үнэртдэг билээ. Э.Бат-Үүл өнгөрсөн намар “Манай Зюганов” нийтлэлдээ С.Эрдэнийг ОХУ-ын Коммунист намын даргатай зүйрлэн шоглоод “Сталин ийм шорон араншин үзүүлэн дарамтлахдаа гаргууд” гэж ирээд л бут авч билээ. Харин дараа жилийн хавар нь өөрөө төрийн дарангуйллыг дэмжиж дэвэргэсэн хууль санаачлаад гүйж явна гэхээр итгэмээргүй. Түүний энэхүү хувьсагч чанар нь “Э.Бат-Үүл бол хүн биш, улстөрч юм” гэсэн дүгнэлт хийхэд хүргэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “улаан хувьсгалч” Д.Арвин хүртэл “Энэ асуудлыг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд оруулах ёстой болохоос УИХ-ын тухай хуульд тусгаж болохгүй. Тиймээс би уг төслийг дэмжихгүй. Парламентын 76 гишүүн өнөөдөр маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш тэвчишгүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц хуулийн төслийг олноор нь оруулж ирж батлуулсан. Лоббид нь орохгүй бол ямар хүнд байдалд ордгийг та бид мэднэ. Би их тэвчиж байгаа шүү. Хэрэв та бүхэн хэн нэгний захиалгаар иймэрхүү юм дахин хийнэ гэвэл би ард түмэнтэйгээ хамтраад жагсана. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл та улсын баатар болсноосоо хойш ардчиллыг хумих бодлого явуулах болсон шүү” гээд улалзтал хэлчихэж билээ. Энэ үгийг 20 жилийн өмнө хэлж явсан Э.Бат-Үүл эдүгээ ингэж зэмлүүлээд сууж байна гэхээр өнгөрсөн хугацаанд ямар их өөрчлөлт гараа вэ. Үүл баатар маань яаж ингэж хувьсаж чадаж байна аа гэж эрхгүй дуу алдмаар. Ингээд 39-хөн гишүүний ирцтэй хуралдаанд 27 гишүүний санал авснаар баатрын санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Хэрэв хэлэлцүүлгийн эцсийн шатны санал хураалтын үеэр ирц мөн л ийм байвал хуралд оролцоогүй гишүүд эрх чөлөөгөө сайн дураараа тавиад туучихна гэсэн үг.

Эрхэм гишүүн хуулийн төслөө батлуулсныхаа дараа өөрийгөө зөвтгөн лоббидох мэт Франц, АНУ-ын хуулиас иш татан нийтлэл бичсэн юм. “Ардчилсан төрийн хоёр нүүр” гарчигтай уг нийтлэлд “АНУ-д Ерөнхийлөгч болон Конгрессийн шийдвэрийг эсэргүүцэж тайван жагсаал хийж болох боловч төрийн эрхийг хүчээр булаах зорилготой байж хэрхэвч болохгүй. Ингэвэл ард түмний эрхэнд халдсан хэрэг болох бөгөөд төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах явдлыг ноцтой гэмт хэрэг гэж үзээд ялын дээд хэмжээ оноодог” хэмээн бахархалтайгаар дурьджээ. Түүний “цагаахан атаархал” үүгээр дууссангүй. “Ардчилсан төрийн эрх мэдлийг хүчээр булаан авна гэдэг нь ард түмний засаглах эрхийг хүчээр булаан авч байгаа онц ноцтой гэмт хэрэг мөн гэж манай хуульд ч үздэг. Ийм хууль байсаар байтал хөдлөхгүй байна. Төр иргэдийг жагсаал цуглаан хийх эрхээр хангаж, нэн тэргүүнд цагдаагийн хамгаалалтад авах ёстой. Согтуу хөлчүү хүмүүсийн доромжлол, элдэв дайралтаас болон өөр үзэл бодолтой хүмүүсийн өдөөн хатгалгаас хамгаалах үүрэгтэй” гэжээ. Нэгэнт жагсаал, цуглаан зохион байгуулсан л бол  түүнийг төр цагдаагийн хамгаалалтад авдаг. Дарамталж байна уу, хамгаалж байна уу гэдгийг ялгахтай манатай болдгийг бараг насаараа жагсаал, цуглаанд оролцсон, түүнээс л улс төрийн амьдралын гараагаа эхэлсэн баатар маань мартаа юу даа. Хорин жил хажууд нь байсан хэрнээ түүний “variable” чанарыг олж таниагүй Үүлийн фэнүүд гомдож байна.

Э.Бат-Үүлийн энэхүү гэнэтийн ухралт нийгэмд өөрийг нь ямар харагдуулж байгааг өөрөө мэдэрч байгаа биз ээ. Харин яагаад ингэсэн нь сонин байна. Арай М.Энхсайханы хэлснээр “Гадныхны зөвлөмж бөгөөд баатар маань санаатай тоглоод байна уу, санамсаргүй хүнд ашиглуулаад байна уу” хэмээсэн таамаглал биеллээ олж байгаа юм биш байгаа даа. Ямартай ч Үүл баатрын үзэл санааны “перестройка” биднийг айлгаж  байна шүү.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж