Ц.Элбэгдорж “Нестле” группт зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж “Нестле” группт зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Вевей хотод байх “Нестле” группын төв байранд зочлон очив. Түүнийг дэлхийн 83 улсад үйлдвэртэй “Нестле” группын захирлуудын зөвлөлийн дарга Питер Брабек Летмате, гүйцэтгэх захирал Пол Булке нар хүлээн авч уулзан компанийнхаа талаар танилцуулсан юм.

Швейцарьт амьдрал хайн ирсэн нэгэн эрийн байгуулсан компани өнөөдөр дэлхийн хэмжээний компани болоод байгааг онцлоод тэдний нэрийн тэмдэгтэй 10 мянган төрлийн  бүтээгдэхүүн өдөр тутам зарагдаж буйг хэлж байв.

Хүн төрөлхтөнд эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж сайхан амьдрал бэлэглэх нь “Нестле”-ийн зорилго юм. 140 жилийн турш үйл ажиллагаагаа явуулахдаа ил тод байдлыг бизнесийнхээ гол тулгуур болгож, алсын хараатай үйл ажиллагаа явуулсны дүнд өнөөдөр үндэстэн дамнасан том корпораци болж чаджээ.

Бүтээгдэхүүний аюулгүй байдал, хариуцлагатай бизнес, хүний эрх, өргөн сонголт, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, эх нялхсын эрүүл мэнд зэрэг зарчмыг үйл ажиллагаандаа баримталж байна.

“Нестле” нь ажиллагсдынхаа эрх ашгийг хамгаалж, тэдэнд хүнлэг хандаж, өсөн дэвших боломж өгдгөөрөө алдартай компани юм. Төв офисст нь 85 үндэстний хүмүүс ажиллаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүн хийх боломж асар их боловч өдий хүртэл бүтээгдэхүүний ихэнх хувийг импортоор авч ирснийг дурдаад өндөр технологид тулгуурласан “Нестле”-ийн  үйлдвэрлэлийг нэвтрүүлж, хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж байв. Мөн ОХУ-ын Байгаль орчмын алслагдсан хэсэг, Хятадын хойд зүгийн нутгуудын хувьд хямд зардлаар бүтээгдэхүүнээ хүргэхэд Монгол гол бүс нутаг болох боломжтойг дурдлаа.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ноён Питер Брабек Летмате нар өнгөрсөн жилийн Давосын чуулга уулзалтаар усны бодлогын асуудлаархи хуралдаанд санал солилцож байснаа дурсч  “Нестле” компанийн санхүүжилтээр дэлхийн зарим оронд хэрэгжүүлдэг усны бодлого, менежментийг сайжруулах сэдвээр хэрэгжүүлдэг төслийн талаар ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж