АН-ын ҮЗХ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ хуралдаж байна

Төрийн ордны Их танхимд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ХХХIII хурал эхэллээ. Тус хуралд Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн оролцох ёстойгоос 54 хувь нь буюу 125 гишүүн хүрэлцэн ирснээр эхэллээ.

Хуралдаанд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулах шатанд хийж буй ажлын тухай танилцууллаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас ирэх 20 жилд хийх ажлаа төвлаж, тэр хүрээнд “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулахаар болж, ажлын хэсэг байгуулсан юм байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Дорнод аймагт энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үр дүнтэй хэлэлцүүлэг болсон гэж намын дарга хэллээ. Учир нь Дорнод аймагт ямар ажлыг хийвэл илүү ард түмэнд тустай, тэдний аж амьдралыг илүү өөд нь татахаар байна вэ гэдгийг тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдээс өөрсдөөс нь сонсч, түүнийгээ хөтөлбөрт тусгах нь илүү амьдралд буусан оновчтой бодлого болох юм байна гэдгийг тэрбээр тодотгосон юм. Тиймээс ирэх саруудад  “Монгол хүн-2020” хөтөлбөрийг бүх аймагт үргэлжлүүлэн хэлэлцүүлэх аж. Улаанбаатар хотын хэмжээнд ч хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар Төв шуудангийн өмнө байрлах Ардчилсан намын байранд тогтмол “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг өрнүүлж, түүнд мэргэжлийн хүмүүсээс гадна иргэд санаа бодлоо хэлж, хөтөлбөрт тусгуулж буй аж.

Тус хөтөлбөрт Монгол хүн ажилтай орлоготой, эрүүл чийрэг байхаас гадна аюулгүй орчинд сурч, ажиллаж амьдрах ёстой гэдгийг мөрдлөг болгохоор гол зорилгоо болгоод байгаа юм.

Хуралдааны хуваарь ёсоор Н.Алтанхуяг даргын илтгэлийг сонссоны дараа намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат илтгэл тавина. Түүний илтгэл намын хөгжил, дүрмийн боловсруулалт гэсэн агуулга дор тавигдана.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж