Ерөнхийлөгч Давосын уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Давосын уулзалтад оролцов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Швейцарийн Давост хэн очиж, хэнтэй уулзаж, ямар үг хэлж байгааг дэлхий нийт энэ өдрүүдэд анхааралтай ажиглаж байна. Учир нь Давост жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум тухайн жилийнхээ эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлдог билээ.

    Дэлхийн 100 орчим орны 2500 оролцогчид, тэдгээрийн дотор 35 Төрийн болон Засгийн газрын тэргүүн, 70 орчим сайд нар, мянга орчим томоохон компаниудыг төлөөлсөн 1400 бизнесийн лидер, 8 төв банкны Ерөнхийлөгч, олон улсын байгууллагын 35 тэргүүн, 125 шилдэг залуу удирдагч, зохиолч,  тоймч,  судлаач зэрэг 200 гаруй алдартай хүмүүс оролцож, 220 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байна. Тэдгээрийн дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн,  ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, БНФУ-ын Ерөнхийлөгч Н.Саркози, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Украины Ерөнхийлөгч В.Янукович, Японы Ерөнхий сайд Н.Канн, Английн Ерөнхий сайд Д.Камерун, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, АНУ-ын Ерөнхийлөгч  асан Билл Клинтон нарын зэрэг дэлхийн лидерүүд  ирсэн байна. Энэ сарын 26-ны өдөр Давосын Хурлын төвд болсон  Дэлхийн эдийн засгийн 41-р чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцлоо.

    Чуулга уулзалтыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев үг хэлсэн. Тэрээр хэлэхдээ, гэм зэмгүй хүмүүсийн амь насыг золиослосон террористууд Орос Улсыг  айлгалаа гэж бодож байгаа бол эндүүрч байна, бидний олон улсын тавцанд эзлэх хүчтэй байр суурь хэвээрээ байгаа, тийм ч учраас өнөөдөр би энд ирлээ гэсэн юм.

    “Эдийн засгийн өсөлт бидний санаснаар хурдан биш байгаа энэ нөхцөлд технологийн алдаа, байгальтай зүй бус харьцсаны алдаа, бодлогын алдаа зэргээс болж бид санаанд оромгүй байдлаар хохирол амсч магадгүй байгааг дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлууд сануулсаар байна.  Өнөөдөр шинэ санал санаачилгууд маш их хэрэгтэй байна. Төр, засгийн газруудын шийдвэр гаргах хэмжээнд, бизнес эрхлэх хүрээнд, нийгмийн хөгжилд, болон улс үндэстэн хоорондын харилцаанд шинэ бодит байдлын хэмж хэмжээ болохуйц тийм санал санаачилгууд хэрэгтэй байна” гэлээ. Тэрээр мөн хувийн хэвшлийг дэмжих, аж үйлдвэр, тэр дундаа түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боловсролд анхаарах талаар ярьж, даяаршлын дагуулж байгаа сайн үр дүнгээс муу үр дүн нь илүү болчих вий гэдэгт санаа зовж байдгаа нуусангүй. Давосын эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, профессор Клаус Шваб нээлтийн хурлыг даргалсан бөгөөд хурлын зарчмын дагуу илтгэгчтэй харилцан ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Африкийн орнуудад болж байгаа улс төрийн тогтворгүй байдлуудын талаар, Орос Улсад нүүрлээд байгаа авлига хээл хахуулийн талаар, мэдээллийн WikiLeaks сайттай холбоотой асуудлууд зэрэг сэдвээр асууж ярилцсан юм.

    Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Н.Саркози Их-20-ийн лидерүүдийг нэг нэгнээ сонсч, харилцан ярилцаж илүү ойр ажиллахыг уриалаад, сайн сайхан ирээдүйг бүтээхэд шинээр сэтгэх хэрэгтэйг санууллаа. Тэрээр “Евро эв нэгдлийн илэрхийлэл бас хамгийн хүчтэй мөнгө гэдгийг бид мартаж болохгүй. Еврог ирээдүйд үгүйсгэж харж болох бүх тохиолдлуудыг одооноос бид шийдвэрлэж явах ёстой” гэсэн юм.

    НҮБ-ын Ерөнхий бичгийн дарга Бан Ги Мүн шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчдэд хандан хэлэхдээ “Дэлхий дээрх арван үхэл тутмын 6 нь халдварт өвчнөөс болж амиа алдаж байна. Амиа алдагсдын бараг 80 хувь нь хөгжиж буй орны хүмүүс байна. Гэтэл хөгжлийн тусламжуудын дөнгөж гуравхан хувь нь халдварт өвчинтэй тэмцэхэд зориулагдаж байгаа юм” гээд хувийн хэвшлийнхэн тэр дундаа эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хандан энэ чиглэлээр тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг уриаллаа.

    Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбан Юдхоёоно, дэлхийн хүн төрөлхтөн хэрвээ энэ хэрээрээ өсч, хүнсний хэрэгцээ нэмэгдэж, байгалийн нөөц багассаар байвал “эдийн засгийн дайн”  гэсэн шинэ аюул гарч болзошгүй хэмээн хэллээ. Бизнес эрхлэгчид, топ банкирууд Европын зарим орны өмнө тулгараад байгаа мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэж болох арга замын талаар мөн саналаа хэлцгээлээ. Энэ мэт олон улсын  лидерүүдийн Давосын индэр дээрээс хэлсэн үг, санал санаачилгууд дэлхийн анхаарлыг татаж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж