Монгол Улс идэвхитэй оролцоотой байна

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс идэвхитэй оролцоотой байна

Дэлхийн эдийн засгийн 41-р чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлж, үг хэлж, бусад орны төр, засгийн тэргүүнүүд болон бизнесийн лидерүүдтэй санал бодлоо солилцохын зэрэгцээ, өдөрт 7-8 удаагийн хоёр талын уулзалтуудыг хийж байна. Тухайлбал, “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам”, “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид”, “Шинэ өсөлтийн загварын асуудлаарх дэлхийн эдийн засгийн удирдлагын уулзалт”, “ Хөгжлийн хөдөлгөгч хүчинд шударга бизнес эрхлэх нь-Давос авилгын эсрэг” зэрэг уулзалт, хуралдаануудад оролцож санал бодлоо илэрхийлж байна. Байгаль орчныг хамгаалах, дэлхийн дулаарлаас үүдсэн сөрөг нөлөөллийг бууруулах талаар санал санаачилга гаргаж, энэ чиглэлээр олон улсын тавцанд идэвхтэй ажилладгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ сарын  27-ны өдөр  болсон “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам” хуралдаанд урьсан билээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг салбар зөвлөлийн удирдлагууд, байгаль хамгаалахад хөрөнгө оруулдаг томоохон бизнес эрхлэгчид энэ хуралдаанд оролцож, дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа шинэ хүндрэлийн нэг болох цэвэр усны нөөцийг хамгаалах талаар ярилцсан юм. Устай холбоотой  сүүлийн үеийн  баримтууд, судалгааны үр дүн хүн төрөлхтөнийг ус хамгаалах талаар шинэ бодлого баримталж ажиллах цаг нь болсныг харуулж байна. “Юуны өмнө усны хэрэглээг бид зохистой хэмжээнд барихаас өөр аргагүй. Өнөөдөр нэг америк хүн өглөө 5 минут усанд орохдоо , нэг африк гэр бүлийн бүтэн өдрийн хэрэгцээний усыг зарцуулж байна. Хүмүүс хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч усыг зохистой хэрэглэдэг байх, улс орнуудын удирдлага цэвэр усны хяналтын механизм бий болгох хэрэгтэй” гэж Кофи Аннан хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , монголчууд хэдэн зуун жилийн өмнөөс, усны зүй зохистой хэрэглээг хуулиар зохицуулж ирсэн уламжлалтай болохыг ярив. Тэрээр, дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болж, байгальд хамгийн ээлтэй байдлаар аж төрсөөр ирсэн нүүдэлчин монголчуудын өмнө усны асуудал тулгарч байна гээд төр засгаас усны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярив. Дэлхийн удирдагчдад хандан  усыг хамгаалах талаар шинэ бодлого хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад хандан орлогын тодорхой хэсгийг байгаль орчин болон усыг хамгаалахад зарцуулдаг байхыг уриалж, бусад оролцогчидтой энэ талаар санал солилцлоо. Уг уулзалтад “Нестле” группийн удирдлага оролцсон бөгөөд, тус компани дэлхийн цэвэр усны нөөцийн судалгааг санхүүжүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч , энэхүү судалгааны ажилд монголыг хамруулах хүсэлтийг өнгөрсөн жил тавьсан бөгөөд, ажлын хэсэг уг хүсэлтийг хүлээн авч, холбогдох бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж