Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүллээ

XVII жарны Илжгэн хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Туулай жилийн барилдаанд аварга, арслан, заанууд доогуур даваанд унаж, аймаг, цэргийн цолтнууд хүчтэй дайчин барилдаан үзүүлснээрээ онцлог байв. Сар шинийн барилдааны өнгийг тодорхойлох бөхчүүдийн нэг, улсын гарьд И.Доржсамбуу аймгийн начин Ц.Чимэддоржид,  улсын гарьд Н.Ганбаатар аймгийн начин Н.Батсуурьт хоёрын даваанд өвдөг шороодсон бол гурвын даваанд улсын заан Б.Соронзонболд цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг амлаж барилдан унасан юм.

Улсын цолтнуудад халгаатай хэмээн тодорхойлж болох дөрвийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр аймгийн начин Н.Батсуурьт, улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Л.Цэрэнтогтоход, улсын заан М.Баяржавхлан аймгийн арслан Ж.Чулуунбатад, улсын заан Б.Сайнбаяр аймгийн заан Б.Амарзаяад, улсын заан Д.Амгаланбаатар аймгийн арслан А.Алтанхуягт, улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан Б.Сангисүрэнд, улсын харцага Д.Баасандорж цэргийн хурц арслан Т.Санжаадамбад, улсын харцага Л.Пүрэвжав аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарт өвдөг шороодсоноор тавын даваанд улсын цолтой найм, аймгийн цолтой найман бөх шалгарч үлдсэн юм.

Ийнхүү Илжгэн хэмээх төмөр туулай жилийн сар шинийн барилдааны шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, Дорноговь аймгийн харьяат, улсын начин А.Цацавшир, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Нар Мон” компанийн бөх, аймгийн арслан Ж.Чулуунбат нар шалгарч үлдсэнээс Аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар түрүүлж, улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар үзүүрлэлээ.

  • Даян аварга А.Сүхбатын сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд олгодог “Ирээдүйн аварга” шагналынхаа эзнээр Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн начин Н.Батсуурь тодров.

  • УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн санаачилсан “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг өнөөдрийн барилдааны түрүү бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт гардууллаа.

  •  “Улаанбаатар хивс” компанийн хамт олноос сар шинийн барилдааны үеэр тодруулдаг “Цахир хугалах бөх”-ийн шагналыг Төмөр туулай жилийн сар шинийн барилдааны их шөвөгт үлдсэн, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Нар Мон” компанийн бөх, аймгийн арслан Ж.Чулуунбат гардлаа.


БАРИЛДААНЫ ДҮЙЗ

Тавын даваа:

 
До.Ганхуяг /у.ар/– Ц.Мягмарсүрэн /у.з/

Х.Мөнхбаатар /у.ар/ – А.Алтанхуяг /а.а/

Д.Рагчаа /у.з/ – Э.Энхбат /у.н/

Ө.Бат-Орших /у.х/ – Б.Амарзаяа /а.з/

Т.Өсөх-Ирээдүй /у.н/– Ш.Мөнгөнбаатар /а.а/

А.Цацавшир /у.н/ – Л.Цэрэнтогтох /а.а/

Ч.Санжаадамба /ц.а/ – Н.Батсуурь /а.н/

Б.Сангисүрэн /а.а/ – Ж.Чулуунбат /а.а/

Зургаагийн даваа:

Х.Мөнхбаатар /у.ар/ – Ц.Мягмарсүрэн /у.з/

Ө.Бат-Орших /у.х/ – Ш.Мөнгөнбаатар /а.а/

А.Цацавшир /у.н/
– Э.Энхбат /у.н/

Ч.Санжаадамба /ц.а/ – Ж.Чулуунбат /а.а/

Долоогийн даваа:

Х.Мөнхбаатар /у.ар/ – А.Цацавшир /у.н/

Ш.Мөнгөнбаатар /а.а/ – Ж.Чулуунбат /а.а/

Наймын даваа:

Х.Мөнхбаатар /у.ар/ – Ш.Мөнгөнбаатар /а.а/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж