Гурван жүдоч медалийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Гурван жүдоч медалийн төлөө барилдахаар боллоо

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны анхны “Их дуулга” Францын нийслэл Парист үргэлжилж байна. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж байна. Эдгээр жинд манай тамирчдаас Г.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/, Т.Баттөгс /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нарын найман жүдоч зодоглосноос гурав нь медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар болон энэ жинд дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтах ОУХМ С.Мияарагчаа нар өрсөлдөгчдөө дараалан ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Х.Цагаанбаатарын хувьд эхний тойрогт хийлж, улмаар Итали, Узбекистаны бөхчүүдийг ялснаар хүрэл медалийн төлөө Францын бөх Дэвид Ларосетай барилдахаар болсон бол С.Мияарагчаа мөн л эхний тойргийг өнжиж, Болгар, Латвийн жүдочдыг буулган авснаар медалийн төлөө Японы шилдгүүдийн нэг, 2010 оны дэлхийн аварга Жунпей Моришитатай хүч үзэхээр болоод байна. Хэрэв манай бөхчүүд дээрх барилдаанд ялсан тохиолдолд мөнгөн медалийн төлөө хоорондоо барилдах юм. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилээс эхлэн Олон улсын жүдо бөхийн холбооноос “World Masters” гэх жин жингийн шилдэг 16 бөхийн халз тулааныг зохион байгуулах болсон бөгөөд 2010 онд болсон анхны тэмцээнд 66 кг-д С.Мияарагчаа, харин энэ жил Х.Цагаанбаатар тус жинд түрүүлж, Монголын жүдочид дэлхийд данстай гэдгийг баталсан билээ.

Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нараас гадна дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Итали, Финляндын бөхчүүдийг ялсан бөгөөд медалийн төлөө Францын жүдоч Пенелопп Боннатай барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж