М.Бундмаа “Их дуулга”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

М.Бундмаа “Их дуулга”-ын аварга боллоо

Францын нийслэл Парис хотноо IJF-ын “Их дуулга” ангилалд багтах 154 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч сорьсон дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Бундмаа аваргын алтан медаль, түүнийг дагалдах 5000 ам.долларын шагналын эзэн боллоо. Эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Италийн Росалба Форчинитиг цэвэр, удаахь тойрог Финляндын Жаана Сюндбергийг цэвэр, улмаар Францын жүдоч Пенелопп Боннаг мөн цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан М.Бундмаа мөнгөн медалийн төлөөх барилдаанд Францын Присила Гнетог вазари үнэлгээгээр буулган авсан юм. Улмаар шийдвэрлэх барилдаанд Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2005 оны дэлхийн аваргад 48 кг-д хүрэл зүүж байсан, Африк тивд гурвантаа түрүүлсэн, Алжирийн хашир туршлагатай бөх Сораяа Харрадыг цэвэр ялснаар Парисын “Их дуулга”-аас аваргын алтан медаль хүртэж, Парисын татамигаас алтан медаль хүртсэн анхны Монгол жүдоч боллоо.

Ийнхүү эхний өдөр Г.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/, Т.Баттөгс /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нарын найман жүдоч зодоглосноос ОУХМ М.Бундмаа аваргын алтан медаль хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар тавдугаар байрт шалгарлаа.

Харин маргааш манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Э.Энхбат, -100 кг-д Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр, +100 кг-д Б.Төгөлдөр, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд нар барилдана.

Фото үзэх

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж