Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

Хару башёг цуцаллаа

Сүүлийн жилүүдэд дуулиан шуугианаас салахаа больсон мэргэжлийн сумогийн ертөнцөд ээлжит дуулиан дэгдэж, бөхчүүд даваа наймаалцдаг болох нь баримт нотолгоогоор баталгаажсан учир Японы сумогийн холбооноос гуравдугаар сард болох байсан хаврын башёг цуцлах шийдвэр гаргажээ. Осака хотноо болох хару башё хуваарь ёсоор гуравдугаар сарын 13-нд эхлэх байсан ч холбооны удирдлагууд дээрх шийдвэрт хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Японы сумогийн холбооны шуурхай зөвлөл өнөөдөр хуралдах бөгөөд хурлын дараа дээрх мэдэгдлийг албан ёсоор олон нийтэд зарлахаар болсон гэнэ. “Одоогийн нөхцөл байдалд хаврын башёг зохион байгуулбал эмх замбараагүй байдал улам газар авч, хүн бүрийн хувьд байдал хүндэрнэ. Японы сумогийн холбоо энэ талаар хэлэлцсэн байгаа. Мөрдөн байцаалтын үр дүнгээс хамаарч зуны башё ч цуцлагдахыг үгүйсгэхгүй” хэмээн Японы сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ярьсныг Kyodo news мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Ийнхүү Наран улсын үндэсний уламжлалт спорт болох сумогийн түүхэнд анх удаа дуулиан, шуугианаас болж башёг цуцлах болж байна. Өмнө нь 1946 оны хаврын башёг цуцалж байсан ч тухайн үед Токио хотын Кокугикан ордны засварын ажил хугацаандаа дуусалгүй хойшилсонтой холбоотой ажээ.

Сумогийн холбооны тэргүүн Ханарэгома баасан гаригт мэдэгдэхдээ сумогийн ертөнцөд дэгдсэн дуулианы улмаас башёг цуцлах нь зүйтэй гэсэн байна. Учир нь энэ явдал олон нийтийн бухимдал, дургүйцлийг төрүүлснээс гадна улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм. Эл асуудлын улмаас сумогийн холбоо өнөөдрөөс эхлэн худалдаалагдах ёстой байсан хару башёгийн тасалбарын борлуулалтыг хойшлуулаад байна. Түүнчлэн Акита мужид наймдугаар сарын 8-нд болох байсан зуны тойргийн барилдааныг цуцалснаас гадна NHK телевизээс зохион байгуулдаг жил бүрийн уламжлалт Fukushi Ozuma буяны арга хэмжээг мөн цуцалсан байна.

Дээрх хэрэгт нийт 14 бөх нэр холбогдсон бөгөөд даваа наймаалцах асуудал бодож байснаас ч ноцтой, сумогийн ертөнцөд багагүй хугацаанд байсаар ирсэн бололтой. Хэргийн улмаас хөндлөнгийн шинжээчдийн баг томилогдсон бөгөөд тэд 14 бөхчүүд холбогдоод буй энэ хэргийн мөрдөн байцаалт тийм амар дуусахгүй талаар ярьсан байна. Даваа наймаалцдаг гэх хэрэгт макүүчи зиндааны гурван сумоч, тэдгээрийн дунд Коорюү, Шотэнро нарын манай хоёр бөх, жюүрё зиндаанд зодоглож буй Чиёхакухо мөн Энацүкаса, ояката Такэнава нар холбогдоод буй. Харин бусад нь доод зиндааны бөхчүүд ажээ. Өнгөрсөн жил бейсболын тоглолтод бооцоо тавьсан хэргийг үргэлжлүүлэн мөрдөж байсан цагдаа нар бөхчүүдийн гар утаснаас даваа наймаалцсан утгатай мессеж олсноор лхагва гаригаас эхлэн энэ дуулиан дэгдэж эхэлжээ. Анхандаа даваа наймаалцах хэрэгт 13 сумочийг холбоотой гэж үзсэн ч энэ тоо нэмэгдэж 14 болсон айна. Ямартай ч шинжээчдийн багийн дүгнэлт гарсны дараа буюу өнөөдөр  Японы сумогийн холбооны удирдлагууд хуралдаж, хэрэгт холбогдсон 14 сумочид ямар шийтгэл ногдуулах, цаашид ямар арга хэмжээ авах эсэх талаар шийдвэр гаргах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж