Олимпийн аварга өнөөдөр Парисын татамид барилдана

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга өнөөдөр Парисын татамид барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны анхны “Их дуулга”-ын тэмцээн Францын нийслэл Парис хотод үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон бол өнөөдөр үлдсэн жинд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодрох учиртай. Парисын татамид өчигдөр зодоглосон манай найман жүдочоос эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа аваргын алтан медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар тавдугаар байрт шалгарсан билээ.

Харин өнөөдөр Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Э.Энхбат, -100 кг-д Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр нар, +100 кг-д Б.Төгөлдөр, харин эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд нар зодоглоно.

Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ази тивийн аварга, Узбекистаны Рамзиддин Саидовтой барилдах бол түүнтэй хамт -100 кг-д хүч сорих Б.Тэмүүлэн эхний тойргийг өнжиж, удаахь тойрогт Африк тивийн хошой хүрэл медальт, Камеруны бөх Фрэнк Моуссиматай эхний барилдаанаа хийхээр болжээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-д хамгийн олон буюу 56 жүдоч зодоглох бөгөөд О.Ууганбаатарын тухайд эхний тойрогт хийлж, улмаар Туркийн Серхат Камбуртай барилдах бол 90 кг-ын жинд Э.Энхбат мөн л эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын ждоч Людович Гоберттай барилдахаар болжээ. Харин эмэгтэйчүүдийн -78 кг-д хүч үзэх П.Лхамдэгд эхний барилдаанаа дэлхийн чансааны номер долоо, Украйны Марина Пришепатай хийхээр сугалаа таарсан байна.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж