Башё цуцалсан ч сумочдын цалинг олгохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Башё цуцалсан ч сумочдын цалинг олгохоор болжээ

Магадгүй олны шүүмжлэлд ихээр өртөх магадлалтай ч Японы сумогийн холбооноос бүх сумочид болон ояката нарын сарын цалинг хэвийн хэмжээнд олгохоор шийдвэрлэжээ. “Найрааны” асуудлаар хару башёг цуцлах хүртэл арга хэмжээ авсан ч бүх бөхчүүд, тэдгээрийн дунд даваа наймаалцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гурван бөхөд ч гэсэн цалинг нь олгох гэнэ. Тэдгээр гурав нь жюүрё зиндаанд харьяалагдах Чиёхакухо, Киёсэүми нараас гадна макүүчи зиндаанд барилдаж Касуганишики буюу өнөөгийн ояката Такэнава нар юм.
Японы сумогийн холбооны тэргүүн Ханарэгома лхагва гаригт албан ёсоор мэдэгдэл хийж, хэдийгээр тун таагүй хэрэгт холбогдсон ч дээрх гурван бөхөд ч цалинг олгохоор шийдсэн тухайгаа зарлажээ. Учир нь эцсийн байдлаар тэдэнд ямар шийтгэл ногдуулахаа албан ёсоор шийдвэрлээгүйтэй холбоотой гэнэ.
Сонирхуулахад, хөндлөнгийн шинжээчдийн баг макүүчи болон жюүрё зиндаанд харьяалагддаг нийт 70 бөхийн 33-тай нь уулзаж, байцаалт авсан бөгөөд одоогоор “даваа наймаалцсан” гэх хэрэгт холбогдсон 14 сумочоос бусдад нь ямар нэг “но” илрээгүй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж