Цэргийнхэн хувьсгалыг болиулав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Цэргийнхэн хувьсгалыг болиулав

Египетийн цэргийн удирдлага  Үндсэн хуулийн үйлчилгээг зогсоон парламентыг тараалаа. Хосни Мубаракийн сайд нарын эсрэг анхны эрүүгийн хэрэг үүсч байна.
Зарим мэдээгээр экс-ерөнхийлөгч бие нь муудан ухаангүй болжээ.

Баасан гаригт ерөнхийлөгч Хосни Мубара­кийн бүрэн эрхийг шилжүүлэн авсан Египетийн Зэвсэгт хүчний Дээд зөвлөл Үндсэн хуулийн үйл ажиллагааг зогсоов. Мөн Мубаракийн дэглэмийг унагасан сөрөг хүчний шаардлагын дагуу цэргийнхэн парламентын хоёр танхимыг тараасан байна. Парламентын арванхоёрдугаар сарын сонгуулийг ерөнхийлөгчийн эсрэг талынхан будлиантай гэж үзсэн бөгөөд ерөн­­хий­лөг­чийн бүрэн эрхийн хугацаанд хязгаарлалт байхгүй, шүүхгүйгээр баривчлахыг зөвшөөрсөн Үндсэн хууль нь сөрөг хүчнийхэнд таалагдаагүй юм.

Батлан хамгаалахын сайд генерал-фельд­мар­шал Мохаммед Хусейн Тантавийн толгойлсон цэргийн зөвлөл ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгууль болох ойрын хагас жилд Египетийг удирдах юм. Тэр хугацааг наашлуулах боломж тэдэнд бий гэнэ.

Ардчилалд шуурхайлан орох нь тогтворгүй байд­лаас гаргахаас гадна хэт даврагчдыг засгийн эрхэнд гаргаж магадгүй хэмээн цэргийнхэн хэлж байгаа. Онцгой байдлыг цуцлахыг шаардсан сөрөг хүчний шаардлагыг тэд хүлээн аваагүй байгаа билээ. Египетэд суугаа АНУ-ын Элчин сайд Самех Шоукри ABC News телевизид ярилцлага өгөхдөө онцгой байдлыг цуцлах хугацааны талаар яриа гаргах үндэслэл байхгүй. “Байдал тогтворжсон” нөхцөлд л түүнээс татгалзаж болох юм гэж хэлжээ.

Засаглал шилжих нөхцөлтэй санал нийлэх­гүй байгаа хүмүүсийг хэт даврагчид гэж үзэхээ цэргийнхэн мэдэгдсэн байна. “Бид өнөөдрөөс эхлэн гудамж, талбайд эсэргүүцэл гаргахыг үл хүснэ” гэж Египетийн цэрэгжсэн цагдаагийн дарга Мохаммед Ибрагим Мустафа Али ням гаригт мэдэгдсэн байлаа. Гэхдээ Тахрир талбайд үлдэгсдийг тэд шууд хөөн тараах гэж оролдоогүй юм. Цэргийнхэн эсэргүүцэл үзүүлж байгаа хүмүүсийг тусгаарлаад хөдөл­гөөнд саад болсон хэд хэдэн асруудыг нь буулган авто машины замыг нээжээ.

Даваа гаригт цэргийн зөвлөлийн мэдэгдэл гаргаж арми нь “үймээн самуун гаргагчдыг үл тэвчинэ” хэмээн мэдэгдсэн. Мөн ажил хаялт хийлгэхгүй гэжээ.

Сөрөг хүчний гол хэсэг нь ардчиллыг хөгжүүлэх, цэргийнхний баталгаан дор  улс орны байдлыг тогтворжуулахыг зөвшөөрч байна. “Энэ бол хувьсгалын ялалт” гэж «Аль Гад» намын дарга, 2005 онд Мубарактай сонгуульд өрсөлдөөд шоронд сууж  байсан Айман Нурын хэлсэн үгийг The Guardian иш татсан байна. Эсэргүүцлийн талынхан “армид итгэн тэдэнд амласнаа биелүүлэх боломж өгөх ёстой” хэмээн Атомын эрчим хүчний олон улсын агентлагийн тэргүүн асан Мохаммед аль-Барадеид ойр байдаг “Залуу лидерүүд” группын төлөөлөгч  Абдельмонейм Эмам хэлжээ. Гэх­дээ хувьсгалт хөдөлгөөний хэсэг лидерүүд болох аль-Барадеи нар  цэргийнхэн засаглалаа иргэнийхэнтэй хуваалцахгүй байгаад түгшиж байгаа аж.

Унахаасаа хоёр долоо хоногийн өмнө Муба­ра­кийн томилсон Ахмед Шафикийн Засгийн газар үүргээ гүйцэтгэсэн хэвээр бай­гаа. Цаг үеэ даган ерөнхий сайд өнгөрсөн ням гаригт гурван цагийн хэвлэлийн бага хурал хийлгэн танхимынхаа сул орон тоог “ард түмний итгэ­лийг авсан” хүмүүсээр нөхнө гэж амласан байна. Бусад талаар “хэлбэр, арга барил, ажлын үйл явцад өөрчлөлт гарахгүй” гэж тэр онцолжээ. Гэлээ ч Мубаракийн ойрын хүрээнийхэн мөрдөн мөшгөлтөөс айж байна. Ням гаригт улс орноо орхин гарах хоригийг зөрчин Каираас гарч явах гэсэн Мэдээллийн сайд асан Анас аль-Феккийг гэрийн хорионд оруулжээ. Ерөнхий сайдын орлогч асан Ахмед Назиф, Дотоод хэргийн сайд асан Хабиб аль-Адли нарт ч тэр хориг үйлчилж байгаа гэнэ. Мубаракийн ойрын хүрээний хүнд үйлдвэр, ган, төмөрлөгийн магнат Ахмед Эззагийн дансыг хаасан байв. Зарим нэг мэдээгээр бол Мубаракийн дэг­лэмийн авлигын хэрэгт сэжиглэгдсэн 43 дээд тушаалтанд ийм арга хэмжээг хамруулахаар цэргийнхэн шийджээ.

Огцрохын өмнөх сүүлийн хэд хоногт Мубарак “гадаад дахь хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангах тал дээр их ажилласан” гэж барууны тусгай албадын эх сурвалжууд хэлж байна. Британийн The Telegraph сонинд бичсэнээр Мубаракийн гэр бүлийнхний хөрөнгө хамгийн даруухан тооцоогоор гурван тэрбум фунт ба “даруу бусаар” бол 40 тэрбум фунт болж байгаа ажээ. Эдгээр нь Лондон, Нью-Йорк, Парис,Беверли-Хиллз-д үл хөдлөх хөрөнгийн сүлжээ болж байна. “Хөрөнгөө хэрхэн хадгалах талаар Мубаракийн гэр бүлийнхний яаралтай ярианы талаар бидэнд тодорхой болсон. Бидний бодлоор тэдний санхүүгийн зөвлөхүүд ямар нэгэн хэмжээний мөнгийг дэлхийгээр тараасан байгаа. Хэрэв тэдний бодит мөнгө Цюрихт байсан бол одоо тэр нь алдагдсан” хэмээн тусгай албаны эх сурвалж хэлжээ. Египетийн экс-ерөнхийлөгчийн дотны хүмүүсийн бүхий л дансыг хаах Швейцарийн банкны баасан гаригийн шийдвэрийг тайлбарлахдаа тэр үүнийг дурджээ.

Өнгөрсөн баасан гаригт Каирыг орхин Шарм-эш-Шейх дахь өөрийн өргөөнд ирсэн Хосни Мубаракийн бие эрс муудсан байна. Арабын хэвлэлийн батлагдаагүй мэдээгээр 82 настай Мубарак “ком”-д оржээ. Энэ тухай  Al Masry Al Youm сонин бичсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж