Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Медиа хувьсгал

“Аль-Жазира” сувгийг Египетэдэд хааж байгаа Хосни Мубаракийг шоглон зурсан зураг. Фото: AFP

Дэлхийд болж байгаа шинэ хувьсгал бүрт медиа улам бүр чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Эхний ээлжид энэ бүгд нь олон нийтийн үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэгтэй байсан нийгмийн сүлжээнд хамааралтай. Гэхдээ л “уламжлалт медиа” болох мэдээллийн агентлагууд, телевизийн сувгууд болон сонингуудыг орхих арай эрт байна. Энэ жилийн нэг, хоёрдугаар сарын Арабын ертөнцийн үйл явдлууд үүнийг  батлан харууллаа.

Сонин юу байна?

Өнгөрсөн оны аравдугаар сард New Yorker сэтгүүлд нийгмийн микротренд ба техникийн дэвш­лийн нийгэмд үзүүлэх үр ашгийн талаар олон жилийн турш бичиж байсан Малколм Глэдвелл нэгэн сонирхолтой материалыг нийт­лүүлсэн байлаа. Тэр “веб 2.0”-ийн бий болгосон гэх “идэвхжилтийн ши­нэ төрлийн” тухай бичсэн байв. Утга нь энгийн. Хувьсгалын бэ­лэн бүлэглэл байхад Веб 2.0 түүнд мэдээлэл солилцох болон үйл ажиллагаагаа нэтггэх боломжийг бололцооныхоо хи­рээр өгнө. Нэг үгээр хэлбэл интернэтээр мэдээллийн асар өргөн орон зайг бий болгоно. Хэрэв хувьсгалт масс байхгүй бол түүнийг Веб 2.0-ийн тусламжтайгаар бий болгох боломжгүй гэжээ. Нэгэн тодорхой хүнийг хувьсгалд бэлтгэхэд Face­book-т түүний найз, Twitter-тфолловер байх нь хангалтгүй. Тэнд олон нийтийн илүү бат бэх, нягт холбоо хэрэгтэй. Энэ санаа нь Молдавын (2009 оны хавар тэнд микроблог ганц хоёрхоноос  цааш хэтэрсэнгүй) ба Ираны (ихэнх мэдээлэл яагаад юм бүү мэд, фарси хэлээр биш англиар бичигдсэн байлаа)  “твиттерийн хувьсгал” гэсэн хөөрцөглөлд живсэн билээ.

Тунис, Египетэд ч бас тийм байсан гэж болно. Египетийн хувьсгалыг зохион байгуулсан гэх алдар нэрийг Google-ийн Ойрхи Дорнодын салбарын топ менежер  Ваэль Гонимид тулгаад байгаа. Тэрээр 2010 оны зургадугаар сард Facebook дээр “эсэргүүцлийн” хуудас нээсэн гээд л. Хэрэв хувьсгал тийм хуудаснаас эхэлдэг юм бол одоо дэлхий бужигнаж байх биш үү? Интернэтгүй Номхон далайн хэддэн арал л үлдэх байсан байх. Египетийн хувьсгал тэр цагт биш 2011 оны нэгдүгээр сард л гарсан юм.

Египетийн хувьсгалын тохиол­долд Веб 2.0 “идэвхжилтийн шинэ төрлийг” бүтээлгүйгээр хууч­ны идэвхжилийн хүчтэй зэвсэг нь боллоо. Нэгдүгээр сарын 27-28-ны шөнө эрх баригчид орон даяараа холбоог тасласан нь үүний гэрч. Хувьсгал тэгээд дуусна гэж бодоогүй нь мэдээж. Хүмүүс интернэтгүйгээр хаашаа очиж, юу шаардахаа мэдэж байсан юм. Мөн тэд өөрсдийгөө олон, лут хүч гэдгээ ч мэдэж байв. Египетийн хувьсгалтай холбон “идэвхжилтийн шинэ төрлийн” талаар, “иргэний шинэ сэтгүүл зүйн” талаар их ярьж байна. Одоо болж буй хэрэг явдлын талаарх  мэдээлэл үйл явдалд оролцож байгаа олон мянган хүнээс шууд ирж байна гэдэг болсон.

Гэтэл хамгийн алдартай “хувьсгалт” твиттерүүдийг газар дээрээс нь “Аль-Жазирын” Дэн Нолан, The New York Times-ийн Ник Кристоф, CNN-ийн Андерсон Купер, National Public Radio-гийн Энди Карвин нарын сэтгүүлчид хийж мэдээллийг тэднээс авснаас биш египет хүмүүсээс авсангүй. Энэ ч ойлгомжтой. Сэтгүүлчид “халуун цэгээс” сурвалжлахаар, хүмүүс Тахрирт өөр зорилгоор оч­иж байлаа. “Твит” болгоныг ун­шаад байх зав ч хувьсгалчдад байгаагүй биз. Түүнийг ялгаж салгах хэрэгтэй. Энд л редакторууд тус болон тэр ялгалтыг нь хийсэн юм.
Ингэхлээр Веб 2.0, хувьсгалын зохицлын хэрэгслийг өөрчлөөд үнэн хэрэгтээ бүгдийг нь байр байранд орхисон гэж болно. Хувьсгалчид эсэргүүцэл хийж, сэтгүүлчид сурвалжилж, үлдсэн нь уншаад, маргалдаад, дэмжээд сууж байлаа.
 
Нүдэндээ боолттой сурвалжлага
 
Египетэд нэгдүгээр сарын 30-нд интернэтийг хаасны дараа  хувьсгалын талаар аль болох дэл­гэрэн­гүй, бүрэн, шуурхай мэдээлж байсан гол суваг байсан “Аль-Жазира” телевизийг хаалаа. Тооцоо нь  эсэргүүцэл хийж байсан хүмүүст аль болох бага мэдээлэл өгөх байв. Гэлээ ч тэр арга хэмжээ нь Хосни Мубаракийн дэглэмд эсэргүүцлийн давалгааг буулгах боломжийг өгөөгүй юм.

Түүгээр ч барахгүй, “Аль-Жазира” хоригийг үл тоон өм­нөх  хэмжээндээ ажиллаж байв. Хоригийн дараагийн өдөр Каирт Дэн Ноланы зураг авалтын хэсгийг барив. Сэтгүүлчдийг удал­гүй чөлөөлөхдөө тэдний төхөө­рөмжийг хураасан байлаа.

Хоёрдугаар сарын 4-нд “Аль-Жазирагийн” Каирын офист халдлаа. Мөн түүний сайт хакеруудын довтолгоонд өртөв. Гэсэн ч телевизийн суваг ажилласаар л байлаа. Тахририйн гол үйл явдлуудыг тэд шууд дамжуулж, сөрөг хүчний хамгийн гол мэдэгдлүүдийг тэд хийсэн юм. Хориотой “Мусульман ахан дүүс” байгууллагын удирдлагаас ч ярилцлага авч байлаа.

Хаанаас ч юм бэ хоёрдугаар сарын 2-нд гараад ирсэн Муба­ракийн талынхан гэх хүмүүс сэтгүүлчдэд жагсагчдаас ч харги­саар хандаж байв. Тэднийг энд тэндээс автобусаар зөөн авчирсан хөлсний хүмүүс, энгийн хувцастай тусгай ажилтнууд гэж мэдээлж байв. Тэд гудамж талбайгаар гүйлдэн буудлуудад дайран орж гадаадын сэтгүүлчдийг хайж байв. Тэдний гарт  CNN телевизийн Андерсоны Куперын баг хэлмэгдээд авсан билээ. Купер АНУ-д буцан ирсний дараа Америкийн ямар ч нэвтрүү­лэгийн гол зочин нь байлаа. Тэр­­ээр хоёрдугаар сарын 9-нд Дэвид Леттерманы Late Show нэвтрүүлэгээр гарахадаа сэтгүүлчдэд халдсан хэрэгт дэд ерөнхийлөгч Омар Сулейман буруутай гэсэн юм. Дэд ерөнхийлөгч өмнө нь тэр хэргийн ард гадаадынхан байгаа гэсэн билээ.

Египетээс өдөр бүр  зодуулсан сэтгүүлчид ба тэд­нийг саатуулагдсан тухай мэдээ­­лэл ирж байлаа. Энэ үеэр Оросын сэтгүүлчдийг хоногоор барьцаалсан, тэднийг зодсон гэх мэдээ ирж байлаа. Сэтгүүлч нарт халдсан хэрэг хоёрдугаар сарын 2-3-нд голдуу гарсан юм. Тэр үеэр Мубаракийн талынхан гудамжинд даналзаж байлаа. Тэд жагсагчдаас гудамжийг авч чадаагүй учир тэгэсхийгээд алга болжээ. Муба­ракийг  унагасан өдөр Америкийн сэтгүүлч эмэгтэйг 200-аад хүн сурвалжлагын багаас нь хүч хэрэглэн салгаж Тахрир талбайд бүлэглэн хүчиндэж ялалтаа тэмдэг­лэжээ. Түүнийг талбайд байсан эмэгтэйчүүд ба цэргийнхэн аварсан байна. Ер нь бол нийтдээ далаад сэтгүүлчид ямар нэгэн хэмжээгээр хэлмэгджээ.

Арми сүүлчийн өдөр хүртэл төвийг сахиснаа онцгойлон ха­руулж байсан ч тэдний зүгээс тогтмол түгшүүрийг үүсгэж байв. Тухайлбал Францын TF1 телевизийн сувалжлагч нарыг цэргийнхэн 15 цагийн турш нүдийг нь боон барьж байлаа. Египетийн хэрэг явдлыг сурвалжилсан бүх хэвлэлийнхэн ямар нэгэн хэмжээгээр хэлмэгдсэн гэж болно.

Египетийн төрийн телевизийнх нь хувьд эсэргүүцэл хийж байгаа хүмүүсийн тоо хэдэн зуун мянга болсон байсан ч түүнийг нь үл тоон өнгөрөөсөн  билээ. Төрийн телевиз сая сая хүн жагсаж байхад хэт даврагч нарын бусармаг оролдлого хэмээн  үзүүлж байв.

P.S. Ираны тухайд

Египетийн хувьсгал хараахан ялаагүй байхад бүхний хараа Ираныг чиглэв. Энэ нь дээр яригдаж байгаа сэдэвт ч хамаатай. Аятолла Али Хаменейн хувьсгал гарна гэсэн нь найдлага байгааг харуулсан 2009 оны зунтай холбоотой. Твиттер болон бусад сүлжээг тэнд эртнээс баттайгаар хаагаад авсан билээ. Гэхдээ Иранд эртнээс өөрсдийгөө зохион байгуулж, эсэргүүцэл хийж ирсэн ард түмэн бий. Мөн Иранд баасан гаригийн мөргөлийн хүчтэй уламжлалтай.

Египетийн үймээний үеэр ВВС шууд нэвтрүүлэгээр египетчүүд ба иранчууд саналаа солилцож болох ток-шоу зохион байгуулсан байв. Олон иран хүмүүс Египетийн байдлыг анхааралтай  ажиглаж байна гэсэн билээ.

Ираны эрх баригчдад тэр нь таалагдаагүй нь мэдээж. Хоёрдугаар сарын 11-нд ВВС мэдэгдэхдээ Иранд нэвтрүүлэг дамжуулдаг түүний хиймэл дагуулын дохио алга боллоо гэв. Гэхдээ Ираны эрх баригчид саад тавихдаа Египет шиг л хожимдсон бололтой. Хувьсгалыг “Аль-Жазира”, “ВВС”,  хийдэггүй гэдгийг Ираны эрх баригчид сайн мэдэж байгаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж