Канад байшингийн загварыг хөдөөд эхэлж нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Канад байшингийн загварыг хөдөөд эхэлж нэвтрүүлнэ

“Улаанбаатарын утаа хэрээс хэтэрлээ. Гэр хорооллыг барилга­жуулах ажлыг дорвитой хийх хэрэгцээ тулгарч байна“ гэх үгс сүүлийн үед удирдах албаны хүмүүсийн амнаас салахаа больсон. Энэ хэрэгцээ, шаардлагын дагуу гэр хорооллыг хэрхэн орон сууцжуулах вэ гэсэн асуулт тулгарч байна. Харин энэ бүхнийг шийдэх нэг арга нь Канадын технологийн дагуу барих модон байшин байж болох юм гэсэн санааг Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан байна. Тиймээс Канад загварын байшингийн эргэн тойронд сурвалжилсан юм. 

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ё.Манлайбаяр яг энэ асуудлыг шийдэхээр Канад улс руу байшингийн загварын туршлага судлахаар явсан  аж. Тэрбээр ийм загварын модон байшинг Монголд барихад тавих стандартыг боловсруулах ажлыг ахалж байгаа юм. Одоогоор канад улсад мөрддөг загварын стандартыг монгол хэл рүү орчуулах ажил хийж байгаа гэдгийг тус газрын мэргэжилтнүүд хэлж байлаа. Эхний ээлжинд орон нутгийн засаг, захиргааг энэ загварын дагуу барилгажуулахаар төлөвлөж, нийт 96 суманд канад байшингийн загварыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Учир нь энэхүү барилга нь манайх шиг хүйтэн уур амьсгалтай оронд дулаан хадгалахад хамгийн тохиромжтой сууцаар тодорсон юм байна. Харин энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженер Н.Баттөмөр “Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн нэг цэцэрлэгийг  Канад байшингийн загвараар барьснаас өөр барилга байхгүй.  Харин бодлогын түвшинд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамныхан орон нутагт цэцэрлэг бариулж эхэлж байна” хэмээсэн юм.  Одоогоор манайд Канад загвараар байшин барьдаг цөөхөн хэдэн компани байдаг аж. Тиймээс эдгээр компанийн төлөөлөл болгож “ISO Housa” компанийн байшингийн үйлдвэрийг зорьсон юм.

Байшингийн үйлдвэр гэхээр сонин сонсогдож байгаа байх. Гэхдээ л энд Канад загварын байшинг “байшин дотор” үйлдвэрлэдэг юм билээ. Өвөл болохоор барилгын ажил зогсонги байдалд ордог. Харин Канад загвараар байшин барьдаг компаниуд улирал харгалзахгүй ажилтай байдаг бололтой.  “ISO Housa” компанийн үйлдвэрт байшин барих ажил ид   өрнөж байв. Гэр хорооллын айлуудад зориулсан бололтой гэмээр авсаархан жижигхэн, модон байшингуудыг үйлдвэр дотор эгнүүлэн өржээ. Эдгээр байшин бараг бэлэн болсон ч ажилчид нь чимхлүүр ажлыг нь гүйцээж байгаа бололтой харагдсан. Энэ үеэр тус компанийн менежер Д.Доржхандтай уулзсан юм.

-Канад загварын модон байшингийн онцлог нь юундаа байдаг юм бэ?

-Хамгийн гол нь дулаанаа сайн барьдаг, байгаль орчинд хор нөлөөгүй гэдгээрээ сүүлийн үед энэ төрлийн байшин хүмүүсийн анхаарлын төвд байх болсон л доо. Мөн хүссэн загвар, хэмжээгээрээ хийлгэх боломжтой нь нэг давуу тал юм.

-Үйлдвэр дотор байшингууд байгаа нь их сонин санагдаж байна л даа. Эдгээр байшинг захиалагчид нь хэрхэн хүргэж өгдөг юм бол оо?

-Жижиг оврын байшинг үйлдвэрээс нь шууд   кранаар тээвэрлэн, ачааны машинаар хүргэж өгдөг. Харин захиалагчид байшингаа хүлээж авахын тулд суурийг нь бэлдсэн байх шаардлагатай. Том хэмжээтэй байшинг  өрөө, өрөөгөөр нь хэсэгчлэн тээвэрлэж, очоод угсарч өгдөг.

-Дулаан болон сангийн асуудлыг нь хэрхэн зохицуулсан юм бэ?

-Ийм загварын байшин дулаан алдах нь маш бага. Хаалга, цонхоо байнга онгойлгоод байхгүй бол өдөржингөө дулаанаа хадгалах бололцоотой. Манай компани “ИСО Жойст” гэдэг брэндийн дулаан хадгалах чадвар сайтай хавтан үйлдвэрлэж байгаа. Үүнийгээ байшин барихдаа ашигладаг. Дулаан болон сангийн асуудлыг нь тухайн байршил болон захиалагчийн хүсэлтээс нь шалтгаалж зохицуулж болно. Гэхдээ энэ байшинг ганцхан хүн захиалбал дээрх асуудлыг шийдэхэд нэлээд хөрөнгө шаардах талтай. Тухайлбал, америк маягийн хаус шиг хотхон хэлбэрээр энэ асуудлыг шийдвэл өртөг хямд гарах юм. Дулааны болон сангийн төвлөрсөн шугамд холбох ч юм уу. Эсвэл цахилгаан халаагуураар  халаалтын асуудлаа шийдэж болно. Манай албан газар өөрсдийн барьсан байшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Дулааны асуудлаа тень тавьж шийдсэн.

-Жижиг оврын байшинг худалдаж авъя гэж бодоход нэг өрх хэчнээн төгрөгийн зардал гаргахыг судалж үзсэн үү?

-Энэ харьцангуй асуудал л даа. Тухайлбал, дотроо сангийн асуудлаа шийдсэн байх  үгүйгээс хамаараад үнэ нь өөр болох юм. Энэ бүхнээс хамаарч нэг ам метрийнх нь үнэ 450-590 ам.долларт хэлбэлзэж байдаг юм. Тухайлбал, 40 ам метр талбай бүхий байшинг сангийн асуудлыг нь бүрэн шийдүүлээд авлаа гэхэд нэг ам.метрийг нь 590 ам.доллараар тооцно. Тэгэхээр 29 сая төгрөг болох жишээтэй. Гэхдээ энэ мөнгөнөөс гадна байшингийн сууринд тодорхой хэмжээний хөрөнгө орно. Харин дулаанаа тениэр хангана гэвэл ийм хэмжээтэй байшинд хоёр киловаттын нэг тень суурилуулахад таарна. Тень нь орчныхоо дулааныг мэдэрдэг учир дулааны температур хангалттай гэж үзсэн тохиолдолд автоматаар зогсчихдог. Ингэж тооцоолбол өдөрт 24 киловаттын цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. 

-Танай компани байшингуудаа амьдралд  нэвтрүүлсэн туршлага бий юү?

-Яг одоогийн байдлаар Сонгино­хайрхан дүүргийн 25 дугаар хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэгийг хүлээлгэж өгөх гэж байна. Мөн “Энержи ресурс” компанийн Ухаа худгийн уурхайн кэмпийн байшингуудыг хийсэн. Сүүлийн үед Канад карказан технологиор олон нийтийн орон сууц барих тендер олноор зарлах болсон ч энэ бүхэнд таарсан стандарт гэж байхгүй байгаа нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж байна. 

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж