Хойлог шувууны судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Хойлог шувууны судалгаа хийжээ

Монгол Алтайн нурууны төв хэсэг болох Мөнххайрхан уулын бүс нутагт алтайн хойлог (Tetraogallus altaicus) харьцангуй элбэг тархацтай  байсан нь саяхан. Гэтэл хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч, сүргийн бүтцэд өөрчлөлт орж, тархац нутаг нь хумигдан, амьдрах орчин нь алдагдсанаар устах аюулд өртөөд байна.

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас жил бүр хойлог шувууны мониторинг судалгаа хийж, мэдээг баримтжуулан мэдээллийн санд оруулдаг.  Алтай Соёны төслөөс 10ш автомат зургийн аппаратыг 2010.12.1-нээс дөрвөн сарын хугацаатай олгосноор зэрлэг амьтдын судалгаа мониторингийн ажлыг тухайн бүс нутагт явуулж эхэлсэн. 2011.2.11-нээс эхлэн 5ш автомат зургийн аппаратыг хооронд нь 20м зайтайгаар 100м газар цувуулан N 46051″16.4, EО 91052″58.7 солбицол дээр 13 хоног байрлуулахад хойлгийн 40 орчим, саарал чонын 2, хадны суусрын 5 зураг аппаратад авагдсаныг баримтжуулан мэдээллийн санд орууллаа. Энэ ажлыг Мөнххайрхан уулын бүс нутаг болох Баянсайгийн Улаан бөөрөгийн орой нэртэй газарт алтайн хойлгийн өдөрт идээшилдэг цэгт хийсэн юм.

Автомат камерт нэгэн зэрэг 9 тоо толгой бүхий алтайн хойлгийн зураг авагдсан байв.  Хойлгийн ажиглалт хийх явцад 15 тоо толгой бүхий нэг сүрэг хойлог байршиж байгаа нь нотлогдсон. Тэдгээр нь цаг уурын байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран эгц цавчим хаданд хоорондоо 600м орчим зайтай гурав хоноглох цэгийн аль нэгийг сонгон хоноглож буй нь ажиглалт судалгаанаас харагдсан байна.

Б.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж