“Харцага” 67:66 “Буллз”

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Харцага” 67:66 “Буллз”

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр Спортын төв ордны А зааланд хуваарь ёсоор гурван тоглолт болж, “Ав-Атар”, “Хасын хүлгүүд” болон “Харцага” багууд ээлжит хожлоо авлаа. Одоогийн байдлаар “Энержи Ресурс” компанийн “Харцага” баг 17 тоглолтоос 15 хожил, 2 хожигдолтойгоор нийт 32 оноотой лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” 16 тоглолоос мөн хоёрт нь хожигдсоноор 30 оноотой, харин МУИС-ийн “Баянзүрх Буллз” 17 тоглолтоос 12 хожиж, 5 тоглолтод хожигдсон үзүүлэлтээр 29 оноотой удаахь байрт бичигдээд байна. Харин Монголын сагсан бөмбөгийн спортын анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан ХҮДС-ийн залуу бүрэлдэхүүнтэй “Ирвэс” баг ганц ч хожилгүй, сүүл мушгиж явна.

Өчигдрийн эхний тоглолт лигийн хоёр шинэ багийн хооронд болсон. МСБХ-ны дээд лигт шинээр хөл тавьсан ч чадварлаг тоглолт үзүүлж буй “Милл Хаус” компанийн “Ав-Атар” болон ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн тоглолт 91:83 харьцаатай “Ав-Атар”-ын ялалтаар өндөрлөсөн юм. Тус тоглолтод АНУ-ын лигионер довтлогч Кларенс Жеффри 32 оноо авч багаа манлайлсан бол Өмнөд Солонгосын оюутны лигт хүч сорьж, багагүй туршлага хуримтлуулсан С.Өрнүүнбилэг 22 оноо, 10 самбараас бөмбөг авалтаар багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. Харин “Офицерууд”-ыг С.Батбямба 20 оноогоор тэргүүлсэн байна.

Лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд хоёр дахь тоглолт болсон байгаа. Тоглолтын туршид “Хүлгүүд”-ийн О.Ууганбаяр 32 оноо, найман самбараар бусдыгаа манлайлж, баг нь үндсэн цагт 86:79 харьцаатай ялалт байгуулсан. Мөн аваргуудаас М.Отгонмөнх 17, Б.Мөнхболд 15 оноо авчээ. Харин ШУТИС-ийн багаас Ц.Ганболд 25 оноогоор багаа манлайлсан бол Д.Мөнхтөр багтаа 20 оноо авчирсан байна.

Харин сүүлийн тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон МУИС-ийн “Баянзүрх Буллз”-ын хооронд болж, үндсэн цагт 67:66 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөсөн. Ширүүн тэмцэл дунд өрнөсөн тус тоглолтод Б.Одбаяр 17 оноо, 15 удаа самбараас бөмбөг авч, дабл-дабл хийснээр багаа тэргүүлсэн бол Ц.Мэргэн 16 оноо авчээ. Харин “Буллз”-ээс н.Билгүүн 14 оноо+10 самбар, Т.Санчир 12 оноо авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж