“Ирвэс” улирлын анхны хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Ирвэс” улирлын анхны хожлоо авлаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн гуравдугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Плей-офф эхлэхэд ердөө хэдхэн тоглолт үлдээд буй энэ үед өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд”, лигийн шинэ цэрэг “Ав-Атар” болон “Харцага”, “Баянзүрх Буллз” багууд плей-оффт өрсөлдөх эрхээ аваад байна.

Хуваарь ёсоор өчигдөр гурван тоглолт болсон. Монголын сагсан бөмбөгийн спортын анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан ХҮДС-ийн “Ирвэс” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд эхний тоглолт өрнөсөн юм. Тоглолт 90:72 харьцаатай ХҮДС-ийн багийн ялалтаар өндөрлөж, залуу “Ирвэсүүд” улирлын анхны хожлоо авсан нь энэ байлаа. Тоглолтын туршид “Ирвэс”-ээс н.Бямбадорж 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Дорж-Арилд 24 оноогоор багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. Харин “Аварга загаснууд”-аас Ц.Ганболд 24 оноо авсан байна.

Харин хоёр дахь тоглолт “Хасын хүлгүүд” болон “TLG-13” багийн хооронд болж, АНУ-ын лигионер тоглолтоор хүч нэмсэн “TLG-13” 97:89 харьцаатай аваргуудыг буулган авсан. Тус тоглолтод “TLG-13” багаас Г.Цэнгүүнбаяр 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Цэрэнбаатар 22, А.Төрмөнх 21 оноо багтаа авчирсан байна. Харин лигийн гурван удаагийн аварга багаас О.Ууганбаяр 27, М.Отгонмөнх 23 оноо авчээ.

Мөн өчигдөр болсон “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон “Милл хаус” компанийн “Ав-Атар” багийн тоглолтод “Харцага” илүүрхсэн. “Харцага”-ын бүрэлдэхүүнээс О.Золзаяа, Ц.Мэргэн нар тус бүр 16, харин Б.Одбаяр 15, Б.Нэмэхбаяр 14 оноо авснаар үндсэн цагт 91:71 харьцаатай ялалт байгуулжээ. Харин “Ав-Атар”-аас 18 оноо+10 самбараас бөмбөг авалт хийж, дабл-даблын эзэн болсон байна.

Nissan премьер лигийн ээлжит тоглолтууд маргааш СТО-ны А зааланд үргэлжлэн явагдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж