Хангайн бүсийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хангайн бүсийн аваргууд тодорлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Шагдарын Чанрав агсны нэрэмжит Жудо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах хангайн бүсийн тэмцээн боллоо. Тэмцээний нээлтэнд Монголын жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Баянхонгор аймгийн жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Хонгор нутаг” дэвжээний ахлах дасгалжуулагч Ц.Шийрэв,  Баянхонгор аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүн, ерөнхий шүүгч Д.Ширмэн болон Ш.Чанрав агсны гэргий н.Лийриймаа, аймгийн удирдлагууд, бусад төлөөлөгчид гээд өргөн бүрэлдэхүүн оролцов. Мөн Монгол Улсын жудо бөхийн холбооны шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна.

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудаас 200 шахам тамирчин оролцож, 23 жинд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тэмцээний эрэгтэй тамирчдаас багийн дүнгээр Өвөрхангай аймгийн баг тэргүүн байрыг эзэлсэн бол Архангай, Баянхонгор аймгийн баг тамирчид удаалсан байна. Харин эмэгтэй тамирчдаас багийн дүнгээр тэргүүн байранд Өвөрхангай, удаах байруудад Архангай, Хөвсгөл аймгийн баг тамирчид шалгарчээ. Нийлбэр дүнгийн аваргыг шалгаруухад шилдгийн шилдэг багаар Өвөрхангай аймгийн баг тамирчид тодорсон байна.

“Эл тэмцээн Баянхонгор аймагт анх удаа болж байгаа бөгөөд хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгох, бие бялдарыг хөгжүүлэх зорилготой. Мөн ирээдүйд Баянхонгор аймаг төдийгүй Монгол Улс, тив дэлхий, олимпийн аварга төрүүлэхэд алхам дөхөж байгаа хэрэг юм” хэмээн зохион байгуулагч нь онцолж байв.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж