Чуулганыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Тодруулж хэлбэл, чуулганд оролцсон гишүүдийн 82.5 хувийн саналаар эл төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлд тусгаснаар тендер шалгаруулалтаас үүдэн гарч байгаа хууль бус үйлдлийг дээрх нэмэлтээр зохицуулахад оршиж байна. Нэг үгээр хэлбэл, тендер шалгаруулалтыг санаатайгаар будилаантуулсан тохиолдолд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 260 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах. Эс бөгөөс 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах гэсэн заалтыг дээрх хуулийн төслийн нэмэлтэд тусгаж өгчээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Тендерийн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах замаар тендер шалгаруулалтын явцад гарч буй хууль бус үйлдэл, Тендерийн хуульд заасан нөхцөл болзлоо биелүүлэхгүй байгаа компаниудад ногдуулах хариуцлагын асуудлыг шийдвэрлэж чадах уу.  Хэрэгждэггүй бас нэг хуулийг УИХ батлах болж буй юм биш биз” гэж болгоомжилж байна. Төсөл санаачлагчийн хувьд “Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тендерийн хууль нь тийм муу хууль биш. Гагцхүү түүнийг хэрэглэж байгаа хүмүүсийн арга барилаас ихээхэн шалтгаалж байгаа. Тендерийн хуультай холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах болсон нь, нэг талаар хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэж байна. Учир нь одоо мөрдөж байгаа хуулиар зөрчил гаргасан этгээд нь 60000-260000 төгрөгийн торгууль төлөөд өнгөрч буйг чангатгах гэсэн агуулгаар оруулсан өөрчлөлт” гэж тайлбарлалаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж