Т.Санчир үнэ цэнэтэй тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Т.Санчир үнэ цэнэтэй тоглогч боллоо

Монголын сагсан бөмбөгийн холбооны 16 дахь удаагийн дээд лигийн тэмцээний Бүх оддын тоглолт өнгөрсөн бямба гаригт Спортын төв ордны “А” зааланд болж, О.Баярцогт дасгалжуулагчтай “Инфинити” болон  Д.Уртнасан дасгалжуулагчтай “Ниссан” багийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөлөө.

Сагсан бөмбөгийн холбоо өмнөх жилүүдийнхээ дарааллыг эвдсэнгүй, үндсэн тоглолтынхоо дундуур бусад тэмцээн, уралдаануудаа зохиосон байгуулсан юм.

Бүх оддын тоглолтын хамгийн эхний тэмцээн нь ур чадварын тэмцээн байсан юм. Лигийн шилдэг холбон тоглогчид голчлон оролцсон энэхүү тэмцээний эхний шатанд зургаан тамирчин оролцсоноос “Ав-Атар” багийн холбон тоглогч О.Сэргэлэн, “Баянзүрх Буллс”-ын Б.Батжавхлан нар финалд шалгарсан юм. Харин финалд түрүүлж талбайд гарсан “Ав-Атар”-ын холбогч О.Сэргэлэн торгуулийн шидэлтэнд багагүй хугацаа алдсанаар өрсөлдөгчдөө боломж олгосон гэхэд болно. Улмаар Б.Батжавхлан боломжийг алдалгүй ашиглаж, 2011 оны Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний аваргаар тодорч, аваргын цом, түүнийг дагалдах гурван зуун мянган төгрөгний эзэн болсон юм. Харин дараагийн тэмцээн гурван онооны шидэлтийн тэмцээн байлаа. Тэмцээнд лигийн шилдэг зургаан мэргэн бууч оролцсоны дотор “Ав-Атар”-аас Уильямс Кимарли, н.Доржсүрэн, “Харцага”-ын Ц.Мэргэн, “Офицерууд”-ын А.Од зэрэг шилдгүүд багтаж байсан юм. Эхний шатанд амжилттай оролцсон А.Од, н.Доржсүрэн,”Хасын хүлгүүд”-ийн М.Отгонмөнх нар дараагийн шатанд шалгарчээ. Ялангуяа А.Од, М.Отгонмөнх нарын хооронд хүчтэй өрсөлдөөн гарч, шийдвэрлэх шидэлтэд “Хүлгүүд”-ийн довтлогч М.Отгонмөнх илүү байснаар 2011 оны Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар тодорчээ. Бүх оддын тоглолтын үеэр зохиогдсон тэмцээнүүдийн хамгийн сүүлчийх нь олон үзэгчдийн хүсэн хүлээсэн цагариган дээрээс довтлох тэмцээн байлаа. Олон сонирхогчдын хувьд “Ав-Атар” багийн Кларенс Жеффри, “Хасын хүлгүүд”-ийн Б.Мөнхболд нарын өрсөлдөөнийг хүлээж байсан болов уу. Гэтэл Б.Мөнхболд тэмцээнийг өнжиж, Жеффригээс гадна “Баянзүрх Буллс”-ын Т.Санчир, н.Билгүүн, “Ав-Атар”-ын Лекс Жеймс нар оролцсон байна. Эхний шатнаас эхлэн тамирчид сонирхолтой үзүүбэрүүдийг хийж байсан бөгөөд финалд Кларанс Жеффри, Т.Санчир нар шүүгчдээс хамгийн өндөр оноог авснаар шалгарчээ. Харин финалд Кларанс Жеффригийн үзүүлбэрүүд илүү байлаа.

Бүх оддын тоглолтын тухайд энэ жил лигийг статистик үзүүлэлтээрээ тэргүүлсэн шилдэг 16 тоглогч хоёр багт хуваагдан өрсөлдсөн. “Инфинити”, “Ниссан” гэж нэрлэгдсэн энэ хоёр багийг улирлын тэргүүн хоёр багийн дасгалжуулагчид болох “Хүлгүүд”-ийн О.Баярцогт, “Харцага”-ын Д.Уртнасан нар дасгалжуулсан байна. Энэ жилийн тоглолтын нэг онцлог нь багууд маш өрсөлдөөнтэй тоглолтыг гаргасанд оршино. Элдэв үзүүлбэр, чөлөөт довтолгоо гэхээс илүүтэйгээр тун ширүүн хамгаалалт, довтолгоонууд өрнөж байлаа. Тоглолтын гол тоглогч нь “Баянзүрх Буллс” багийн довтлогч Т.Санчир байсан юм. Түүний ээлж дараалсан гурван онооны шидэлт, оролтууд амжилттай болж байснаар “Инфинити” баг үндсэн цагт хожил авсан юм. Улмаар Т.Санчир энэ удаагийн Бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртжээ.
   
Зургийн цомгийг энд дарж үзнэ үү!

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж