Гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлана

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэрбигшдагва, Ө.Энхтүвшин нар санаачлан боловсруулсан байна.  Танилцуулгад дурдсанаар гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтын нэг хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах явдал аж. Үүнд хамаарах салбарууд нь ихэвчлэн тухайн улсынхаа стратегийн ач холбогдол бүхий салбар байдаг тул, тэдгээрийг нэр заан оруулжээ.    
Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэгэн хязгаар байдаггүй аж.  Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьцаа, бусад үнэт цаасыг хууль тогтоомжийн дагуу худалдан авч шууд хөрөнгө оруулалт хийх. Мөн аж ахуйн нэгж, салбар төлөөлөгчийн газраа дангаар буюу хамтарсан компанийн хэлбэрээр байгуулах, хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл бүрдүүлэх, татварын хөнгөлөлт, тогтвортой байдлын гэрээ хийх боломжтой байдаг аж.
Тиймээс ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк, санхүү зэрэг улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үндэсний бизнесийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах шаардлагатай гэж үзэж, төсөл санаачлагчид энэхүү хуулийг боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төсөл нь Гадаадын хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын, Цөмийн энергийн зэрэг хуулиудтай хэр уялдаж байгаа, хуулийн төслийн нэр оновчтой эсэх, бие даасан ийм хууль гаргах зайлшгүй шалтгаан байгаа эсэх.  Төсөлд тусгасан жагсаалтад эрчим хүч, төмөр зам зэрэг дэд бүтцийн чухал салбаруудыг яагаад оруулаагүй, бусад хуульд бүлэг болгож өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг тусгаж болох эсэхийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос асуув. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт учруулах, эргэлзээ болгоомжлол төрүүлэх бас нэг хууль гаргачихгүйн тулд нухацтай хандаж сайн нягталж боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтын талаархи эрх зүй, татварын орчноо аль болох удаан хугацаанд тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй гэсэн саналыг ч хэллээ.  
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор бие даасан ийм хууль гаргах зайлшгүй шаардлага тулгарсан.  Гадаадын олон орон салбарын хуулиас гадна бие даасан ийм хуулиар үндэсний аюулгүй байдлын асуудлаа зохицуулсан байдаг гэлээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад чуулганд оролцсон 40 гишүүний 27 нь буюу 76.5 хувь нь төслийг дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж