Ховор металын эрин үе айсуй

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Ховор металын эрин үе айсуй

Ховор метал, тэр дундаа гали, индий, германийн эрэлт шинээр хөгжиж буй
технологийн салбарт ойрын 20 жилд  огцом өснө гэж Европын холбоо үзэж
байна. Тиймээс ховор металын нийлүүлэлтийн асуудалд Европын холбоо
хэдийнэ “нойроо хулжааж” эхэлжээ.  2010 онд Европын комисс  41 түүхий
эдийг сонгон эдийн засгийн нөлөөлөл, нийлүүлэлтийн эрсдэл зэрэг асуудлын
хүрээнд судалсны дүнд тэдгээрээс 14-ийг нь стратегийн ач холбогдолтой
эрдэс баялаг гэж тодорхойлжээ. Харин үүний дийлэнх хэсэгт ховор метал
оржээ. Дэлхийн технологи шинэчлэгдэн сайжрахын хэрээр, дэвшилтэт
технологийн шинэ салбарт ховор металын эрэлт улам тэлэх төлөвтэй байна.

Ховор метал

2006 он /зөвхөн шинэ технологи дахь эрэлт/

2030 он  /зөвхөн шинэ технологийн эрэлтийн хандлага/

Гали

28 тонн

603 тонн

Индий

234 тонн

1911 тонн

Германий

28 тонн

220 тонн

Ниоби

288 тонн

410 тонн

Тантал

551 тонн

1410 тонн

Газрын ховор элемент, ховор метал нь хоёр өөр зүйл боловч нарийн
технологийн /high tech/ үйлдвэрлэлд гүйцэтгэх үүргээрээ технологийн
ертөнцийн “ус агаар” гэж хэлж болох ховор эрдэнэс юм. Ховор металын
төрөлд дээрх таваас гадна бериллий, тунгстен буюу вольфрам, цезий,
рубидий, циркони, лити, гафний /hafnium/, антимони, кобалт, цагаан
тугалга зэрэг нь ордог байна.

Ховор металд Европын холбоо төвлөрөхийн учир  

Европын
холбоо стратегийн онц чухал түүхий эд хэмээн баталсан 14 түүхий эдийн
нийлүүлэлтийн асуудлыг хувийн хэвшлээсээ асууж үзжээ. 2010 оны сүүлийн
байдаар Европын  уул уурхайн 36 компани эдгээр түүхий эдийн салбарт
олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд цаашид нийлүүлэлтийн
тогтвортой байдлыг хангаж чадах эсэхэд эргэлзэж байна гэдгээ тэд
мэдэгджээ.
Тэдгээр 14 түүхий эдийн тоонд германий, гали, индий,
бериллий, тантал, тунгстен, ниоби, кобалт, антимони зэрэг  ховор
металаас гадна платинумын бүлгийн метал, магни, жонш, графит болон
газрын ховор элементийг хамруулжээ.
Одоо Европын холбоо ховор
металын эрэлд аль хэдийнэ мордоод байна. Япон, Солонгос, АНУ, тэр ч
байтугай “ховор”-ын төрлийн эрдсээр хамгийн баялаг нөөц бүхий Хятад
хүртэл газрын ховор элемент, ховор металын салбарт экспортлогч орноос
цэвэр импортлогч улс болох тухай салбарын зарим бизнес төлөөлөл
мэдэгдэв. Тодруулбал Хятад улс экспортын татвар, хязгаараа энэ
хэмнэлээрээ  тэлсээр байвал 2015 онд энэ салбарт цэвэр импортлогч улс
болох таамаг тодорч буйг АНУ-ын Molycorp байгууллага дурдсан байна.
Хятад газрын ховор элементээс гадна антимони, тунгстены олборлолтоо
хумих бодлого бариад эхэлчихжээ. Энэхүү бодлогын хүрээнд 2012 оны дунд
хүртэл эдгээр түүхий эдэд хамаарах шинэ уурхай ашиглахтай холбоотой ямар
ч бичиг баримт хүлээж авахгүй байхаар тус улсын салбарын яам
шийдвэрлэсэн байна.

Баялаг хаана байна вэ ?

АНУ              газрын ховор элемент, тунгстен,
бериллий, германи

Куб
              кобалт

Бразил
     ниоби, тантал

Орос
           антимони, тунгстен, индий,
газрын ховор элемент

Хятад
         антимони, тунгстен, газрын
ховор элемент, индий

Гвиней
      гали

Конго
         кобалт

Тай
              антимони

Вьетнам
   гали

Австрали
кобалт, тантал, гали

Дээрх хүснэгтэд тухай улс орнуудын зөвхөн ховор метал, газрын ховор элементтэй холбоотой баялгийг нэрлэв

Ховор металын хэрэглээ

Антимони
– Хар тугалгын хайлшийг хатууруулах,  каблийн бүрхүүл, хагас
дамжуулагчийн технологи, хар тугалга-хүхрийн хүчлийн нэгдлээс бүтдэг зай
хураагуур /lead-acid battery/, машины холхивчийг  зэс, цагаан тугалга,
антимонийн холимог хайлшаар хийдэг, хэвлэлийн машины метал

Индий –
LCD зурагтыг бүтээхэд индий- цагаан тугалгын оксидыг ашигладаг, Индийн
фосфидыг нарны хавтангийн гэрлийн эрчим хүчийг цахилгаан болгон
шилжүүлдэг хэрэгсэлд ашигладаг. Индий нь цөмийн реакторын нейтроны тоог
ихэсгэж, багасгахад ашигладаг гурван гол түүхий эдийн нэг.

Германий – хагас дамжуулагч, шилэн кабль, полимер эдлэл, химийн эмчилгээний дараах эмийн жорд германий ордог.

Гали-
Гали хүнцэлийн нэгдэл нь цахилгааныг лазерийн гэрэл болгодог байна.
Тиймээс уг түүхий эдийг төрөл бүрийн электрон тоног төхөөрөмжийн
дохиоллын үүрэгтэй гэрлийг /LEDs/ бүтээхэд ашигладаг байна. Зарим
төрлийн нарны хавтанд /CIGS photovoltaic/ ордог, өндөр хэмийг хэмждэг
термометр бүтээхэд хэрэглэдэг.

Бериллий –Хөнгөн, хайлах түвшин
өндөр тул сансрын болон батлан хамгаалахын салбарын тоног төхөөрөмжийг
бүтээхэд өргөн ашигладаг. Суналт сайн учир автомашины пүрш, араа, бусад
эд ангийг хийхэд хэрэглэдэг. Зэс бериллийн холимог нь бусад металтай
үрэлцэхэд оч үсэргэдэггүй тул шатахууны үйлдвэрийн шахуурга, хавхлагыг
хийхэд мөн ашигладаг.

Тунгстен буюу Вольфрам – тунгстены карбид
нь маш хатуу, бат бэх материал юм. Тиймээс метал зүсэгч, уул уурхай,
барилгын ажилд хэрэглэдэг өрөмдлөгийн тоног төхөөрөмж,  чийдэнгийн утас,
онгоцны сэнс, турбин хөдөлгүүрт ашиглана.

Лити- Лити зай
хураагуур, хөнгөн цагаан эсвэл магни-д лити оруулан гаргасан хайлш нь
илүү бат бөх, хөнгөн метал болдог. Шилэн эдлэл, резин, техникийн тос
тосолгооны материалыг хийхэд лити ашигладаг байна. Мөн лити цитрат нь эм
болдог.

Тантал- Электроникийн салбарын хурдасгуурыг хийхэд
танталыг өргөн ашигладаг. Зэвэрдэггүй чанартай учраас мэс заслын
хэрэгсэл хийдэг. Камерийн линзийг бүтээхэд мөн танталыг ашигладаг.

Ниоби-
Гангийн салбарт хэрэглэдэг. Шугам хоолойг хийхэд төмөр ниобийн нэгдэл
их тохиромжтой байдаг. Автомашины эд анги, онгоцны хөдөлгүүр, хийн
турбиныг хийхэд ниоби хэрэгтэй. Түүнчлэн титан ниобийн хайлшаар хийсэн
материалыг хиймэл дагуулын технологид ашигладаг.

Циркони-
Зэвэрдэггүй тул шахуурга, хавхлаг, цөмийн реакторын түлш агуулдаг
хэсгийг бүтээхэд ашигладаг. Цирконийн оксидоор мөн лабораторийн зуух
хийдэг. Бидний ахуйн хэрэглээнд тухайлбал үнэр дарагчид циркони
агуулагддаг.

Цезий- Аlkaline зай хураагуурт, дулааныг цахилгаан
болгодог генераторын технологиос гадна полимер нарны хавтан бүтээхэд
орно. Атомын цаг бүтээх технологи цезийд үндэслэдэг. Мөн хорт хавдрыг
арилгах зарим туяаны эмчилгээнд цезий-137-г ашигладаг.

Кобалт-
Халалт багатай учраас кобалтийн хайлшаар онгоц, хийн турбин
хөдөлгүүрийг хийхэд их тохирдог байна. Соронзон төмөр, зарим төрлийн
зэвэрдэггүй ган төмөр үйлдвэрлэхэд ордог. Мөн шилэн эдлэлд цэнхэр, шар,
ногоон өнгөтэй болгоход хэрэглэдэг. Кобалт нь Витамин B12-ын чухал
бүрэлдэхүүн нь болдог байна.

Зах зээл ба нөөц

Ховор метал

Эдийн засгийн үр ашигтай нөөц

Үнэ доллар/кг

2011 оны 5-р сарын байдлаар

Зах зээлийн жилийн эргэлт  / 2010 оны
байдлаар, ам.
$/    

Гол нийлүүлэгч

Антимони

2,1 сая тонн

16

1,8 тэрбум

Хятад  90 %

Гали

 

675

47 сая

 

Германий

8600 тонн

900

89 сая

Хятад 71
%

Индий

49.000 тонн

600

345 сая

Хятад 50 %

Ниоби

2,9
сая тонн

44,5

2,5 тэрбум

Бразил 91 %

Кобалт

3 сая тонн

37

2,6 тэрбум

Конго 40 %

Тантал

110.000 тонн

40

101 сая

 

Тунгстен буюу вольфрам

2,8 сая тонн

50

1,74 тэрбум

Хятад 81 %

Лити

13,4 сая тонн

Чили, Австрали, Хятад, Орос, Аргентин

Одоо Европын холбоо нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс
зарим бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал эдгээр металын салбарт
хайгуул, олборлолт явуулж буй компаниудад ногдуулдаг татварыг хөнгөлөх,
хайгуулын төрийн өмчийн компани байгуулах, хайгуулын болон олборлолтын
компаниудыг санхүүжүүлдэг хувийн сангуудыг дэмжих.  Мөн төрийн зүгээс
геологийн судалгаа явуулах. Үндэсний хэмжээний нөөцийн агуулах
байгуулах. Түүнчлэн нийлүүлэлтийн олон түншт бус нэг харилцагчид дагнан
бүтээгдэхүүнээ хүргэдэг байвал нэмэлт урамшуулал олгох нөхцөлийг тэд
тооцож байна. Япон улс Казахстан, Вьетнамд, харин  Өмнөд Солонгосын тал
Киргизстанд хайгуулын болон үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр
хэрэгжүүлээд эхэлжээ. Герман мөн Бразил, Туркт төсөл хэрэгжүүлэхээр
ажилдаа гарчээ. АНУ-ын “Green Tech Solutions” компани “Монголын газрын
ховор элемент экспортлогч” компанитай хамтран ховор металын хүдэр ирэх
зургадугаар сараас Монголоос Өмнөд Солонгос руу экспортлохоор төлөвлөж
буйгаа зарлаад байна. Тэдний хамтрах гэж буй өөр нэг компани болох “Ар
Эрхэс” нь Төв аймагт дэлхийд нөөцөөрөө үлэмжид тооцогдох, нэг сая тонн
таамаг нөөцтэй, 100 мянган тонн батлагдсан нөөц бүхий танталын ордыг
эзэмшдэг ажээ. Түүнчлэн уг орд нь ниоби, алт, мөнгө, тунгстен, молибдени
гэх мэт баялгийн агууламжтайг “Ар Эрхэс” компанийн мэдээлэлд дурджээ.
Алтны
эрин үе ирж байна гэж судлаачид тайлбарлаж байгаа, тэгвэл ховор метал,
газрын ховор элементийн алтан үе энэ цагт тохиох нөхцөлт байдал цаашдын
эрэлтийн өсөлт, нийлүүлэлтийн хандлагаас харахад бүрэн боловсорчээ. Урьд
нь арвин экспорт, хямд үнэ, ахиу олборлолтын дүрэм үйлчилж байсан гол
нийлүүлэгч Хятадад одоо эсрэг “хууль” үйлчилж байхыг тус улс улам тод
илтгэх болсон. Бусад улс орнуудын олборлогч нарт энэ нь зах зээлийн
таатай боломжийг бүрдүүлж буй ч эрэлтийн тасралтгүй өсөлт, шинэ
технологийн хүрээ тэлж буй байдал зөвхөн үнийн өсөлтийн таамаглалыг
төрүүлж буй юм. Ийм нөхцөлд манай улс ховор метал, газрын ховор
элементийн баялгаа “Стратегийн орд”-ын ангилалд багтаах шаардлагатай
болсныг сүүлийн хоёр жилийн “ховор”-ын зах зээлийн хувирал, бусад улс
орны бодлогын огцом болон шийдвэртэй алхамууд тод харуулж байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж